新モンゴル高等学校へようこそ
ерөнхий боловсролын шинэ монгол сургууль
SHINE MONGOL HIGH SCHOOL

Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр

Ахлах сургуулийн сургалтын хөтөлбөр, онцлог давуу тал

Япон хэв шинжээр сургалтаа явуулж, ЕБДС-ийн батлагдсан стандарт хөтөлбөрийг Японы хөтөлбөртэй харьцуулан 25-30%-ийн баяжилттай зааж, суралцагчдын мэдлэг чадвар бие бялдар, нийгмийн оролцоог бүхий л талаар хөгжүүлэх 10 төрлийн сонгон суралцах хичээл, 32 төрлийн секц дугуйлан хичээллүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орчныг бүрдүүлсэн.

Мөн сурагчдад сурах, хөгжих хүсэл эрмэлзэл төрүүлэхийг чухалчлан үзэж, Монгол орны ирээдүйн удирдагчийг бэлтгэх, төлөвшүүлэх зорилгоор сургалтын өөрийн онцлог бүхий арга технологи, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна.

Ахлах сургууль шаталсан хэлбэрээр мэргэжлийн баримжаа олгох уулзалт яриа сургалтуудыг зохион байгуулж, ажлын байранд биечлэн очиж танилцах зэрэг мэргэжлийн чиг баримжааг олгох олон шинэлэг ажлуудыг эцэг эх олон нийтийн оролцоонд түшиглэн зохион байгуулдаг.

Японы болон дотоодын олон нийтийн байгууллага, соёл урлаг, улс төр, шинжлэх ухаан, боловсролын байгууллагад ажилладаг нэртэй, бүтээлч хүмүүстэй сурагчдыг уулзуулж яриа хийх, сургалт семинар зохион байгуулах зэргээр мэдлэгийг нь тэлж, аливаад хандах хандлагыг нь өөрчилж, оюун ухааны цар хүрээг нь тэлж өгдөг.

Төгсөгчдийн 30% гадаадын их, дээд сургуульд суралцдаг.

Анхны 3 жилийн сургалттай ахлах сургууль байгуулснаар төгсөгчдийг шууд гадаадын их дээд сургуулиудад шалгалт өгөх боломжийг олгодог.

Төгсөгчдийг Японы ИДС-д суралцуулах талаар системтэй бэлтгэдэг ба жил бүр 12-15 төгсөгчийн 4-н жилийн сургалтын төлбөр, амьдрах зардлыг тус сургуулийн ивээн тэтгэгч нар бүрэн хариуцдаг.

Төгсөгчдөө Японы шилдэг их дээд сургуулиудад 3 шугамаар явуулдаг. Энэ нь Япон улсын засгийн газрын тэтгэлэгт "Монбушо" шалгалт , ивээн тэтгэгчдийн зардлаар явах "Рюгакү"шалгалт, гадаад харилцааны хүрээнд сургууль дээрээ шалгаруулан тэнцүүлэх хамтын ажиллагаат их сургуулиуд болно.

2013 оны байдлаар Япон улсад 227 төгсөгч бакалаврын түвшинд суралцаж, зарим нь үргэлжлүүлэн суралцаж байна.

2003 оноос хойш 10 үеийн 1300 гаруй төгсөгч төгссөнөөс 350 гаруй нь гадаадын нэр хүндтэй их сургуулиудад бакалаврын түвшингээр сурсан нь нийт төгсөгчдийн 30%-ийг эзэлж, "Дэлхийд үнэлэгдэх Монгол иргэдийг бид бэлдэнэ " гэсэн зорилгын маань биелэл болсон.




Бэлгэ тэмдэг


Сургуулийн бэлгэ тэмдэг нь монголчуудын эртнээс эрхэмлэн ирсэн нар, сарыг дүрсэлсэн дэвсгэр дээр Шинэ Монгол гэдэг үгийн толгой үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдалтай байна. Суурь өнгө нь мандан бадрахын бэлгэдэл улаан, цэвэр ариун сүүн сэтгэлийн бэлгэдэл цагаан өнгөний хослол байна. Сургуулийн туг нь хөрст дэлхийг бэлгэдсэн ногоон суурь өнгөн дээр сургуулийн бэлгэ тэмдгийг голлуулж, доор нь Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургууль гэж бичсэн байна. Хичээлийн шинэ жилийн нээлт, хаврын төгсөлтийн баяр болон сургуулиас зохион байгуулж буй уралдаан тэмцээн, сургалт хүмүүжлийн аливаа арга хэмжээнд сургуулийн тугийг тайз болон ёслолын талбайд байрлуулна. Сургуулийн туг манай сургуулийн цог хийморь, амжилт бүтээлийн бэлгэдэл тул газарт тавихгүй хүндэтгэлтэй хандана.

Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Хөгжмийг Д.Эрдэнэбаяр Шүлгийг М.Буянтогтох
Наран улсын итгэл тээж
Номын ариун хур буулгасан
Ирэх цагийн эрдмийн орой
Идэр насны мөнхийн дуулал
   Дахилт:      
Шинэ Монгол, Шинэ Монгол
Азийн зүрхэнд ассан гал
Шинэ монгол, шинэ монгол
Алдраа өргөсөн манай сургууль
Буурал түүхийг алтаар ширээж
Баян Монголд алдраа өргөсөн
Залуу насны эрдмийн гараа
Замбуулинг багтаах эрдмийн өргөө
Дахилт:      
Бумбын сайхан орныхоо
Буяныг дагаад сансарт цойлсон
Алтан соёмбоо тэнгэрт мандуулж
Ариун үйлсээр цацлаа өргөнө
Дахилт: