新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Боролдой хэмээх хөтөлбөр

16.05.2016

Боролдой хэмээх хөтөлбөр

Шинэ Монгол бага сургуулийн 4-р ангийн 4 бүлэг, 5-р ангийн 3 бүлэгт нийтдээ 210 хүүхэд сурдаг. Энэ хүүхдүүд бүгдээр мал төллөөд удаагүй цагаар хөдөө гарч, “Амьдрах чадварт суралцах үйл ажиллагаа” хэмээх сургалтад хамрагдана. Сургалт их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр сумнаа болдог. Баяндэлгэр сумын сургуулийн дотуур байранд 4, 5-р ангийн хүүхдүүд хоёр ээлжээр тус тус долоо хоног сууж хөдөөгийн хүүхдүүдтэй нөхөрлөж, малчны хотын амьдрал үзэж цэнгэг агаар, байгалийн сайханд гарна.


Сургалт тус сургуульд нэвтрээд хоёр жил боллоо. Бид яагаад ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх болов гэвэл дараах шалтгаантай юм.

- Цаг үе биднийг суурьшмал ахуйд хашиж, нүүдэлчин ахуйгаас холдуулан, уламжлалт МАА гэсэн монгол хүний амин-чанарын үндэс сууриас өдрөөс өдөрт холдуулсаар байна. Эмээл, хазаар, авдар гм малчин ахуйн наад захын хэрэглээний зүйлсийг мэддэггүй, сонирхдоггүй хүүхэд өдрөөс өдөрт нэмэгдсээр ..
- Хүүхдэд ээлтэй орчин Улаанбаатар хотод харагдахаа болив. Хөршийн харилцаа зэвэрч, хүүхдийн аюулгүй орчин устсан гэж хэлж болохоор. Хүүхэд бол нийгмийн баялаг. Гэр бүлээс гадна, хөрш, хот айл, хамар хашаа, гудмаараа хүүхдийг өсгөхөд оролцох нь чухал. Нийгмийн ийм харилцаа нэгэнт үгүй болжээ.
- Хүүхэд ганцаарддаг болжээ. Гадаа тоглох газаргүй, гэртээ дөрвөн ханан дунд ганцаар. Ах дүү цөөн, ээж аав ажилтай. Байгаа нь ухаалаг утас, Ай-пад, зурагт, интернэт. Ганцаардсан хүүхэд нийгмийн харилцаанд орохдоо сул, аминчхан атлаа амьдрах чадвар сулбагар нэгэн болж өсөх магадлал өндөр.
- Цаг үе биднийг хэт аминч байх, өмчирхөг байх, өмчирхлөөрөө бусдыг дарангуйлахыг шаардах болжээ. Бид ийм нийгмийг зорихгүй. Бусдын сайн сайхнаар өөрийн сайн сайхан ч хангагддаг учиртай. Нэгэнтээ Далай багш “Өөрийн төлөө бүү санаа зов. Учир нь ингэсэн цагт бусад нь ч чиний төлөө санаа тавиад эхэлнэ” гэснийг бид зөв ухаарах хэрэгтэй.

Энэ жилийн сургалтыг “Боролдой хөтөлбөр” хэмээн нэрийджээ. Хүүхэд бүрт өврийн дэвтэр гардуулна. Миний өмнө 5-р ангийн сурагч Тэргэлийн өврийн дэвтэр байна.Тэргэлийн дэвтэр миний хувьд хүүхэд юу ухаарсан хийгээд “Боролдой” хөтөлбөрийн үр дүнг нягтлахад тус болов. Ер нь ажиглалт хийх сайн арга бол олон хүний аль нэгийг даган судлах явдал байдаг шүү дээ. Дэвтрээс ишлэл авахдаа найруулгын элдэв засвар хийсэнгүй, товчилсон газраа цувраа цэг тавилаа.
Дэвтрийн эхний нүүрэнд манай багш нар ийн бичжээ.
“...Газар хага яран ургах яргуй, нялх ногооны үнэрийг мэдэр. Зэврүүн салхи үлээж, шороо үе үехэн босохыг анзаар. Малчин хүний эгэл төрхийн цаанах сайхан бүхнийг олж хар. Өтөг бууцын үнэр, төлийн цангинах дуун, хавар цагийн сайхныг мэдэр.”



Бидний тавьсан зорилго бол малчин айлд очиж, монгол ахуйтай танилцах, байгаль дэлхийгээ ажиглах, мэдсэж сурснаа солилцоход оршиж байв. Зохион байгуулалтын хувьд тус бүр 13-18 гишүүнтэй 8 баг болж, Баяндэлгэр сумын хүүхдүүдтэй цуг малчны хотод зочлон, тэдний ажилд тусална. Шинэ Монгол сургуульд багийн систем үйлчилдэг. Энд ч мөн адил хүүхдүүд багийн ахлагчаа сонгоод түүний удирдлага доор дэгээ тогтоон явна. “Хоёр хүн явахад нэг нь ахална”, “Дэгтэй байвал аюулгүй” гэдэг зарчим юм. Ер нь 210 хүүхдийн аюулгүй байдлыг 14 хоног хангах нь багш, ажилчид болон хүүхдүүдийн хүчин чармайлт, дэг журамгүй бол бүтэхгүй зүйл. Бид авч явах зүйлийг сануулан бичсэнээс гадна авч явахыг хориглосон зүйлийг дурдав. Үүнд “чихэр жимс зэрэг амттан, бэлэн мөнгө, банкны карт, ном сэтгүүл, гар утас, тоглоом, зургийн аппарат” зэрэг байв. Байгаль болон хүн зоны уламжлал, амьжиргааг мэдрүүлэх, хотын нүргээнт агаад ташуурч хэтэрсэн “бялуурал”-аас хүүхдүүдээ чөлөөлөх гэсэн хэрэг л дээ. Мөрдөх зарчмын хувьд, “Хүнийг хүндэлж, чин сэтгэлээсээ харилцана. Найздаа тусалж, мэдэхгүй чадахгүйг шоолохгүй, зааж зөвлөнө. Билэггүй муухай үг үл хэрэглэх. Хаана ч ил задгай хог хаяхгүй. Айл гэр, малын хашаа бууцны ойр, мөн салхины дээд талд бие засахгүй. Нөмгөн, үс сэгсгэр явахгүй” гэсэн зарчмыг манай хүүхэд барив. Өдрийн хөтөлбөр энгийн. Малчин айлд очиж, хот цэвэрлэх, аргал түүх, зочин багш буюу малчдын яриаг сонсох, малын зүс ялгах, газар нутаг шинжих аргад сурах, хурга ишиг ялган хариулах, өврийн дэвтрээ хөтлөх, тайлан тавих, хаалтын үйл ажиллагааг бэлдэх, байраа цэвэрлэн хүлээлгэж өгөх, Улаанбаатарт буцаж ирээд гэрийнхэндээ сонин дуулгах”. Яриагаа Тэргэлийн өөрийнх нь тэмдэглэлд буцаая.

Тэргэлийн эхний өдрийн тэмдэглэлээс: “Боролдой хөтөлбөрийн анхны сэтгэгдлээ бичнэ үү.”гэсэн асуулт байна.
Тэргэл бичсэн нь:“...Найз нөхөдтэйгөө хамт байхад бие биенээ илүү таних юм шиг санагдлаа...Баяндэлгэрийн агаар их цэвэрхэн, тал газар цэлийж харагдана....Малчин айлын амьдралаас суралцана гэдэг миний хувьд анхны зүйл...Нар буужээ, би одоо унтлаа...”
Хоёр дахь өдөр. “Малчин айлд очоод төрсөн сэтгэгдэл, өнөөдөр тохиолдсон сонин сайхнаасаа бичнэ үү.”
Тэргэл онцолсон нь:“...Цаг агаарын нөхцлөөс болоод бид малчин айлд очоогүй ч зочин багш ирээд бидэнд ерөөл магтаал зааж өгөв. Тэр настай хүн биднийг хараад их баярлаж байна гэсэн...”
Гурав дахь өдөр. “Хөдөөгийн хүмүүс, тэдний амьдралаас олж харсан сайн сайхан зүйлсийн талаар бичнэ үү.”
Тэргэл тэмдэглэсэн нь:“...Цас хайлаагүй тул бид малчин айлдаа очсонгүй. Гэхдээ бид уул уруу аялалд гарлаа...Нэгнийхээ нүүрийг цасаар угаан хөгжилдөн тоглож, хадны хэлбэр дүрс ажиглав...Ихэнх хүмүүс ууланд гарах хэцүү гэж боддог. Тэгвэл бид хөгжилдсөөр, уулын орой булаацалдан их амархан гарсан...”
Дөрөв дэх өдөр: “Хэрвээ малчин айлын хүүхэд болж төрсөн бол...”
Тэргэл төсөөлсөн нь: “...Төлийн дуу цангинасан малчин айлд төрсөндөө би баярлах байсан болов уу. Гэхдээ би одоо жаргалтай, өөрт минь байгаа бүх зүйлээрээ бахархдаг, сайн хүүхэд гэж өөрийгөө боддог...”
Тав дахь өдөр: “Хүн, мал, байгаль дэлхийн холбоо хамаарлын тухай ажигласнаа бичнэ үү.”
Тэргэл эргэцүүлсэн нь: “...Хүн, мал, байгалийн эргэлт хоорондоо холбоотой болов уу. Аль аль нь бие биедээ дасан зохицдог чадвартай. Бүх зүйл ялгаатай ч бүгд л үхэж, төрдөг. Энэ явцдаа байгальдаа зохицон, харилцан тусалдаг. Бүх зүйл хоорондоо дасан зохицвол тэнд амьдрал оршино... Хүн ч гэсэн үүний тулд байгальд ээлтэй зүйл хийх хэрэгтэй гэж би бодлоо.”
Зургаа дахь өдөр: “Боролдой хөтөлбөрийн үеэр чамд тусалсан малчин ах эгч, сумын багш, сурагч, бусад хүмүүст талархлаа илэрхийлж бичнэ үү”
Тэргэл тэрлэсэн нь: “Малчин ах надад яаж бууц цэвэрлэхийг нэг бүрчлэн заасан. Түүний нэг ч гэсэн хүнд юм заагаад өгөхсөн гэдэг сэтгэл надад үнэхээр сайхан санагдсан. Тэр сайхан сэтгэлтэй ахад би талархсанаа илэрхийлсэн...Тэр хүнээс олон зүйл дахин сурмаар байна...”
Долоо дахь өдөр: “Маргааш буцах боллоо. Сэтгэгдлээ бичнэ үү.”
Тэргэлийн бодсон нь: “...Долоо хоногт их юм сурчээ...Монгол малчин ажигч гярхай, ажилч хичээнгүй, сайхан сэтгэлтэй болохыг анзаарлаа...”
Боролдой дэвтэрт “Аав ээж, ар гэрийнхэндээ дуулгах сонин”
Тэргэл дүгнэсэн нь: “Гэрийнхэндээ мал зүслэх тухай сурч мэдсэнээ ярив. Малын нас, шүдийг хараад мэдэж болдогийг. Жишээ нь, хоёр том шүдтэй бол төлөг...Монгол айлд ороход зүүн талд нь эмэгтэйчүүд, баруун талд эрэгтэйчүүд суудаг. Харин хойморт гэрийн эзэн сууна. Баяндэлгэр явахаас өмнө ээжийн захиж хэлсэн бүх зүйлс үнэн байсан. Ингээд би ээжийн захиасаар аюулгүй сайн яваад ирсэн. Бие даах чадварт багаасаа сайн суралцвал олны газар биеэ авч явахад тус болно гэдгийг ойлгосон. Би 5-р ангийн гурван бүлгийн дунд зөв монгол хүүхдээр шалгарсан. Намайг шалгарахад шагнал болгон чихэр өгөхөд би түүнийг хадгалж, дүүдээ өгсөн.”
Боролдой дэвтэрт: “Хүүхдийнхээ аян замын сонинг сонсоод төрсөн сэтгэгдлээ үлдээнэ үү.”
Тэргэлийн ээж тэмдэглэсэн нь “...Гэр хол байсан хугацаанд ээж, ааваа, дүүгээ хайрлах сэтгэлээ илүү баяжуулсан бололтой. Атга чихрээр шагнуулаад хадгалсаар байгаад дүүдээ авчирсанд сэтгэл их хөдлөв.(Охин маань чихрээ идмээр л байсан байх)...”
Уншигч та өврийн дэвтрээс их зүйлийг олж харсан биз ээ. Тэрлэгч миний бие илүүг үл нуршин нэг зүйл нэмэрлэе. Сургууль гэдэг нийгмийн ирээдүйн сайн сайхны төлөө зүтгэх ёстой. Сургуулийн гол цөм бол багш, сурагчаас гадна аз жаргалтай гэр бүл мөн. Хүүхдийн олж харсан, мэдэрсэн зүйлээр дамжин гэр бүл улам батжин бэхжиж, улам аз жаргалтай болоосой. Аз жаргалд умбаж өссөн хүүхэд хүчтэй, зоригтой, бусдыг энэрэгч, бусдад аз жаргалыг бэлэглэгч болон өндийдөг. Энэ бол тансагт бялуурч, жаргалд ташуурахаас огт өөр ойлголт билээ.

Нийтлэл бичсэн: Шинэ Монгол сургуулийн захирал П.Наранбаяр

Зургийг: Ахлах сургуулийн сургалтын менежер Н.Лхагвадорж