新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Гандболын багийн шилдэг тамирчин, багш нартай дараах ярилцлагыг хийлээ.

22.09.2015

Саяхан болсон Хүүхдийн спортын 5-р их наадамд манай Гандболын баг амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл Багийн шилдэг тамирчин, багш нартай дараах ярилцлагыг хийлээ.

Шилдэг хаалгач, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 1-р курсийн оюутан М.Даваацэрэн:

-Ноднин Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 12-р анги байхдаа энэ багаараа улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, хүүхдийн спортын 5-р их наадамд оролцох эрхээ авч байсан. Би 2 дахь жилдээ хичээллэж, ийм амжилт үзүүлсэндээ их баяртай байна.


-Хаалгач хийх нь бусад тоглогчдоос юугаар өөр, онцлогтой вэ?

-Гоол хийхгүй болохоор тэгж их сэтгэлийн хөдөлгөөн гаргадаггүй, хамгаалчхаад дотроо л баярлаж, алдахаар дотроо л харамсдаг.

-Манай багийн чадвар бусад багуудтай харьцуулахад хэр байна?

-Тэмцээнд аймаг, дүүргээр овоглосон шилдэг шигшээ багийн тамирчид оролцдог бол манай баг Шинэ Монгол сургуулиас бүрдэж оролцдог, үүгээрээ ч би их бахархдаг. Манай баг бусад багуудаас чадвараараа дутах зүйл байхгүй их сайн баг.

-Дасгалжуулагч багш, багийн хамт олондоо юу гэж хэлэх вэ?

-2 мундаг багш маань бидний бэлтгэлийг хангаж, шинэ довтолгоон, шинэ хамгаалалтын хувилбаруудыг зааж дасгалжуулснаар ийм амжилтад хүрсэндээ их баяртай байна. Мөн багийн 11-р ангийнхандаа хандаж хэлэхэд энэ жил улсын аваргаас заавал алтан медаль аваарай гэж хэлье.

Спортын мастер, гандболын багш Ганцэцэг:

-Шинэ Монгол сургуулийн гандболын багийн талаар яриач?

-Одоогийн гандболын баг маань 2-3 жил хичээллэж байгаа тамирчдаас бүрдсэн. Хамгийн анх Улсын аваргын тэмцээнд оролцож, 14-15 насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан. Мөн ноднин улсын аваргаас 16-18 насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан амжилттай баг.

-Өрсөлдөгч багууд хэр хүчтэй байв? Тоглолтуудын талаар юу гэж хэлэх вэ?

-Улсын аваргаас эрхээ авсан шилдэг 6 баг тойргоор тоглож өрсөлдсөн. Энэ жил Сэлэнгэ аймгийн шигшээ баг аварга болсон. Манайх Сэлэнгийн шигшээ багийг хожсон тохиолдолд аварга авах боломжтой байлаа. Өмнөх улсын аваргын тэмцээнээр манай баг Сэлэнгийн багийг хожиж байсан удаатай. Энэ удаад Сэлэнгчүүд тамирчдаа сайн бүрдүүлж, бэлтгэлээ сайн хийсэн байна. Дарханы баг 3 хожил 1 тэмцээнтэйгээр 2-р байранд орсон бол манайх 3 хожлоор 3-р байранд орлоо.

Багийн ахлах дасгалжуулагч, гандболын спортын мастер, Гандболын холбооны шүүгчдийн зөвлөлийн ахлагч Эрдэнэ-Очир:

-2 дасгалжуулагч багш оролцсон юм байна. Та ямар үүргээр оролцов?


-Хүүхдийн спортын 5-р их наадамд 8.25-аас эхлэн хүүхдүүдтэйгээ холбогдож, бэлтгэлийг ахлах, зөвлөх талаас нь оролцсон. Олон улсын жишгээр бол нэг багт 3-4 дасгалжуулагч байдаг. Ахлах дасгалжуулагч нь тоглолтыг удирдаж, анализ хийж, тактик боловсруулдаг бол туслах дасгалжуулагч хамгаалалт, техник талыг хариуцдаг. Миний хувьд багаа ахалж, ахлах дасгалжуулагчийн хувиар оролцлоо.

-Та өөрөө гандболын спортын мастер юм байна. Ямар ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би Насанд хүрэгчдийн улсын 2 удаагийн аварга, 2 удаагийн мөнгө, оюутны их наадмын аварга болж байсан.

-Энэ удаагийн Хүүхдийн спортын 5-р их наадмын талаар мэдээлэл өгөөч?

-Энэ жилийн наадмыг засгийн газраас их дэмжиж зохион байгуулж байна. 17 төрлөөр 15000 гаруй тамирчид өрсөлдөж шигшигдсэнээс 2000 гаруй нь спортын 5-р их наадамд оролцох эрхээ авсан. Манай сургуулиас 20 сурагч оролцсон. Үүнээс 2 эрэгтэй сурагч маань Баянзүрх дүүргийн шигшээ багт тоглож мөнгөн медаль, Шатрын төрөлд 11-р ангийн сурагч Агьбилэг Баянзүрх дүүргээс шалгаран оролцож мөнгөн медаль хүртсэн. Мөн манай 3 сурагч Баянзүрх дүүргийн охидын шигшээ багт тоглосон байгаа.

-Тэмцээнд оролцсон сэтгэгдэл?

-Өмнөх 4-р их наадамд манай баг 4-р байр эзэлж байсан. Би өөрөө өсвөрийн тэмцээнүүдээс медаль авч үзээгүй, оролцож байгаагүй. Энэ удаагийн тэмцээнд медаль авчих юмсан гэсэн нууцхан бодолтой байсан. Тэгээд авч үзээгүй шагналыг маань шавь нар маань авсанд сэтгэгдэл их дүүрэн байна.