新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Ж.ГАЛБАДРАХ: ГУРВАН САЯ ХҮН ДОТОР 10 МЯНГАН ТОРГОН ЦЭРЭГ БЭЛДЭЭД ӨГЧИХ ЮМСАН

14.12.2017

2017 оны 12-р сарын 13-нд Өдрийн сонинд гарсан нийтлэлийг сийрүүлэн хүргэе.

Ерөнхий боловсролын “Шинэ Монгол” сургуулийн үүсгэн байгуулагч, “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрахтай ярилцлаа.


Ж.ГАЛБАДРАХ: ГУРВАН САЯ ХҮН ДОТОР 10 МЯНГАН ТОРГОН ЦЭРЭГ БЭЛДЭЭД ӨГЧИХ ЮМСАН

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би өглөө 09 цагт ажилдаа ирдэг. Сургуулийн захирлаар ажиллаж байхдаа 07:30-д ирчихсэн хүүхдүүд хичээлдээ ороход нь угтан авч мэндчилдэг байсан. Манайх чинь цэцэрлэг, бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллеж гээд хэд хэдэн салбартай болсон байна. Өглөө ирээд салбар сургуулийн шуурхай хурал байвал тэндээ сууна. Мэйлээ шалгах, гадаад харилцааны ажилтнуудаа дуудаж ажиллах нь элбэг. Уулзалт, шийдэх ёстой ажлуудаа үдээс өмнө төвлөрдөг. Үдээс хойш бол гадуурх ажил хөөцөлдөж таардаг. Ирэх жилийн есдүгээр сард нээлтээ хийхээр төлөвлөж буй “Шинэ Монгол Харумафүжи” дунд сургуулийн барилгын ажил эхэлсэн. Барилгын гүйцэтгэгч компанийг сонгох гэх мэт ажлуудад ойрын үед төвлөрч байна. Гадуур ажлаа хөөцөлдчихөөд буцан ирж бичих, төвлөрч суух ажилд цаг гарган ихэнхдээ 20 цаг өнгөрөөгөөд гэртээ харьдаг даа. Японы хоёр ч дээд сургуульд лекц унших гэж байгаа болохоор одоо лекцээ бэлдэж сууна. Амралтын өдрүүдэд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдтэйгээ уулзахаас эхлээд ихэнхдээ уулзалт төлөвлөдөг. Уг нь бүтэн сайн өдөр ууланд алхчихдаг байсан ч амжихгүй талдаа болчхоод л байна.

-Одоо танайх нийт хэчнээн салбар сургуультай байна вэ?

-2000 онд анх бие даасан ахлах сургууль байгуулсан. Тухайн үед ахлах сургууль 9, 10 дугаар анги гэж байсан ч манайх 11 дүгээр ангийг анхлан нээж байсан. Ингэж манай сургууль Монголдоо анхны загвар ахлах сургууль болж байсан. 2004 онд дунд сургуулиа байгуулсан. 2008 онд бага сургууль байгуулсан. Ингээд 2012 онд бүрэн дунд сургууль болж, захирлын ажлаасаа би чөлөөлөгдөж П.Наранбаяр гэдэг шинэ Захиралтай болсон. Би дараагийн захирлаа бэлдэхийн тулд анх П.Наранбаяр захиралтайгаа нэг өрөөнд цуг суудаг байлаа. Хөндлөнгөөс нь ажиглаад яваад байна гэсэн үг л дээ. Жилийн хугацаанд цуг суух болов уу гэж бодож байтал манай хүн маш хурдан сурч, гурван сар болов уу үгүй юу би ширээгээ аваад захирлын өрөөнөөс гарсан. Би захирлын ажлаа өгчхөөд гэртээ офисслож, дараагийн төсөл рүүгээ орсон. 2014 онд Шинэ Монгол Технологийн дээд сургууль “NEW MIT” нэртэй сургуулиа байгуулсан. Дэлхийн номер нэг MIT буюу Массачусетсийн Технологийн их сургуулийг загвараа болгосон. Энэ сургуультайгаа хамт “Шинэ Монгол Технологийн коллеж” буюу Японы КООСЭН загвараар коллежоо байгуулсан. Бүрэн дунд сургууль, дээд сургууль, коллежоо нийлүүлээд “Шинэ Монгол эрдмийн хүрээлэн” байгуулж би одоо ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Манай анхны төгсөгч хоёр охин Японд суралцаж ирээд цэцэрлэг байгуулах тухай саналыг гаргаснаар “Бяцхан Монгол” цэцэрлэгийг 2016 онд байгуулсан. 2000 оноос эхлэлтэй миний бүтээн байгуулалтын ажил 2016 оныг хүртэл үргэлжилжээ.

-Их аварга Харумафүжи Д.Бямбадорж боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол - 2” сургуулийг барихаар боллоо гэсэн мэдээлэл гарч байсан. Таны дараачийн бүтээн байгуулалтын ажил хэдийнээ эхэлчихжээ дээ?

Харумафүжи маань сая асуудал болоод зодгоо тайлчихлаа, би гайхаад л сууж байна. Асуудал нь бүрэн шийдэгдээгүй байх шиг байна. Өнгөрсөн жил Харумафүжи Д.Бямбадорж “Багшаа би Япон орны ачийг хариулж, эх орондоо сайн зүйл хиие гэж бодохоор яг тан шиг сургууль байгуулах ёстой юм байна” гэж хэлж санал тавьж байсан. Д.Бямбадоржийн маань гэргий “Шинэ Монгол” сургуулийн анхны төгсөгчдийн нэг. Бид их ойр дотнын харилцаатай улсууд. 2011 онд хуримаа хийхэд Харумафүжигийн талаас дэвжээний эзэн нь үг хэлж байсан бол би охины талаас төлөөлж үг хэлж байсан түүхтэй.. Тэр хоёр маань намайг аавын дайтай гэж үздэг. Анх Харумафүжи боловсролд хөрөнгө оруулах тухай саналыг тавихад нь багш нь өмнөх ажлаа хийж барахгүй их байна, чамд сайхан зөвлөөд өгье хэмээн гурван ч удаа хүсэлтийг буцаасан л даа. Монгол хүнд ийм зүйл дутаад байгаа юм байна, хүний хүмүүжил төлөвшилд яг танай сургалтын арга барилаар явах нь зүйтэй юм байна гэсэн санаагаа удаа дараа ярьж ятгаснаар би яах аргагүй зөвшөөрөхөд хүрсэн. Хүн чинь байгуулж буй юмандаа итгэл үнэмшилтэй байж амжилтад хүрнэ. Д.Бямбадоржийнхоо идэвх, сэтгэлийг хараад ойлгосон л доо. Энэ жил сургуулийн барилгынхаа карказаа бариад эхэлчихсэн, ирэх жил ашиглалтад орно.

-Танай сургуульд оруулах гэсэн эцэг, эхчүүдийн хүсэлт маш их байдаг. Нэгэнт эрэлт их байхад танайх үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх бололцоо хэр байдаг вэ?

-Би 2000 онд сургуулиа байгуулснаас хойш өр, зээлтэй 10 гаруй жил явсаар одоо л гайгүй болж байна. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж, шантармаар олон зүйлтэй тулгарсан. Сургууль гэдэг амаргүй ажил. Багшаа бэлдэхээс эхлээд нэг ангийн хүүхдийн тоог стандартаар барих ёстой зэрэг анхаарах олон асуудал бий. Зарим хүмүүс нэгэнт эрэлт байхад салбараа хурдан байгуулаад явчих тухай ярьдаг л даа. Миний хувьд өөрийнхөө чадах хэмжээндээ юмаа хийнэ. Манайх бол яг өөрийнхөө үндсэн хүүхдийг гаргаж авахыг чухалчлан анхаардаг.

-Сургуулийн гол баримталдаг зарчмыг юу гэх вэ?

-Манай хөтөлбөрийн дагуу суралцахын зэрэгцээ спорт, урлаг соёлын арга хэмжээнд зайлшгүй хамруулдаг. Хүүхдийг өөрөө бие дааж суралцах арга барил, багаар ажиллах аргуудыг нэлээн хэрэглэдэг. Номын ах, эгч нараас нь номын дүү нартаа зориулан нэгийг бодогдуулахаар яриа лекц явуулдаг. Хүүхдийг мэргэжлийн чиг баримжаатай сургах нь чухал юм. Ахлах ангид ороод ирэхээр нь байгалийн, нийгмийн анги гэж салгаж ямар мэргэжил эзэмших вэ гэдгийг таниулан мэдүүлэх ажлыг карьер төвөөрөө дамжуулан хийдэг. Хүүхэд өөрөө юунд сонирхолтой аль чиглэлд түлхүү сонирхолтой вэ гэдгийг нь таниулснаар төгсөхдөө яг мэргэжлээ сонгочихсон, орох сургуулиа бүр шийдчихсэн байдаг. Дунд ангид бол шинжлэх ухааны мэдлэгийг сайн олгохыг чармайдаг. Бага ангид нь хүн болох талаас нь анхаардаг. Даалгавар бараг өгдөггүй. Хичээл хийнэ гэдгийг дургүй хэцүү зүйл болгож болохгүй, анхлан суралцагсдад дуртай сонирхолтой талаас нь заахыг эрмэлздэг.

-Бусад сургуулиас ялгаатай тал нь хүүхдийн хүмүүжил төлөвшилд их анхаардаг гэгддэг. Та бүхэн ямар хүүхэд төлөвшүүлэхийг зорьдог вэ?

-Шинэ Монгол соёл гэж бий.

Ахлах сургууль, сургуулийн соёл төлөвшүүлэх асуудлаар би өөрөө докторын зэрэг хамгаалсан. Сургуулийн соёлыг таниулж үйлийн судалгааг хийсэн. Хүн үйлдэл хийдэг, хийсэн үйлдлээ судлаад гаргаж ирсэн нь миний докторын гол сэдэв. Японд хүнд сайн тал, муу тал аль аль нь бий. Японд хүнд ажилсаг, нямбай хянуур чанарыг монгол хүний задгай сэтгэж байгаа байдал, шийдвэрийг хурдан гаргаж чаддаг зэрэг чадвартай хослуулан монгол хүнд таарах зохицох чадварыг тавьж өгдөг нь буруу биш гэж үздэг. Тухайлбал, хүнтэй бөхийгөөд мэндчилчихдэг, орж ирээд гутлаа солиод өмсчихдөг хэвшлийг бий болгохдоо ач холбогдол талаас нь сайн тайлбарлаж хэлж өгдөг. Манай шинэ монголын хүүхдэд өглөөний хоолоо заавал идсэн байх ёстой гэх мэт зарчмыг сургадаг. Хүүхдийн өөрийн хүлээн авах чадвар, эцэг эхээс заяасан ген зэргээс шалтгаалж хүүхэд бүр ялгаатай байх нь мэдээж. Хүүхэд бүрийг ижил 100 хувь сайн болгох тухай гэхээс илүүтэй байгаа хэмжээнээс нь ахиулах тухай юм. Тийм ч учраас манайх сурагчдынхаа дүнг нууцлалтай тавьдаг. Бага сургуульд бол дүн тавьдаггүй. Бүх хүүхдээ сургана шүү гэсэн зорилготойгоор ажилладаг.

-Эцэг эхчүүдэд та юу гэж зөвлөх вэ. Танай сургуульд оруулах хүсэлтэй хүмүүс олон бий.

-Манай сургуульд элсэн орохоор 900 гаруй хүүхэд ирдгээс 72 хүүхэд авдаг. Өрсөлдөөн ихтэй болохоор яалт ч үгүй шалгаж авдаг. Ингэхдээ хүүхдийн төрмөл буюу амьдралын ухааныг нь шалгадаг. Түүнээс тоо бодуулж, цээж бичиг бичүүлэх гэх мэтээр сурмал ухааныг нь чухалчилдаггүй. Бид өмнөө лидер бэлтгэх зорилго тавьсан байгаа болохоор шударга, зарчимтай явна гэдэг шаардлагыг эхнээсээ тавьдаг. Ирэх жилээс “Шинэ Монгол - 2” сургууль нээгдэх болохоор харьцангуй эрэлт гайгүй болох байх аа.

10 МЯНГАН ТОРГОН ЦЭРЭГ БЭЛДЭЭД ӨГЧИХ ЮМСАН ГЭЖ МӨРӨӨДДӨГ

-Таны үндсэн мэргэжил багш. Та 2000 онд сургуулиа нээхээсээ өмнө хаана ажиллаж байв. Таны хувийн намтраас сонирхъё?

-Би Улаанхуарангийн гэр хорооллын сургуульд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Математикийн сайн багш болох н.Батдорж багшийгаа хараад ирээдүйд математикийн багш болно гэж шийдэж байсан. Их сургуулийг физикийн багшаар төгссөн. Ажлын гараагаа Төв аймагт багшлахаас эхэлсэн. Хөдөө Аж ахуйн дээд сургуульд багш, Боловсролын Хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, дараа нь 84 дүгээр сургуульд дэд захирлаар гээд боловсролынхоо салбарын олон шатны байгууллагад ажилласан нь их завшаан юм. Тэгээд шалгалт өгч Япон руу мэргэжил дээшлүүлэхээр явж байсан.

-Японд хэчнээн жил суралцав?

-Долоон жил сурсан. Эхлээд 1,5 жил Японы Засгийн газрын тэтгэлгээр сурчхаад үргэлжлүүлээд хоёр жил мастерт сурсан. Түүний дараа докторт сурч байсан ч тэнд зэргээ хамгаалж чадаагүй. Учир нь Монголдоо сургуулиа нээчихсэн учраас нэгийг нь сонгохоос аргагүйд хүрсэн..

-Сургууль анх байгуулсан түүхээсээ яриач. Хүнд бэрхийг даван туулж байж өнөөдрийн амжилтад хүрсэн гэдэг юм билээ?

-Би гэр бүлээ Японд аваачсан байсан учраас Японд суралцахынхаа хажуугаар гурван ажлыг давхар хийдэг байлаа. Ротари тэтгэлгээс надад тэтгэлэг олгож, сард 1500 ам.долларын тэтгэлгийг жилийн хугацаанд авсан. Нэгэнт амьдарч болж байгаа юм чинь гээд тэтгэлгээ хав дарж хадгалчихсан. 18 мянган ам.доллартай их л баян хүн болчихлоо. Ротари клубынхандаа маш их баярласан сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Та нарынхаа ачийг хариулна. Би мөрөөдлөө биелүүлж ачийг хариулна. Миний мөрөөдөл бол монгол орондоо сургууль байгуулах юм” гэж дотоод итгэл, үнэмшлээрээ хэлж байсан. Манай клубынхан нэг удаа дуудаж уулзахдаа чи докторт олон жил суралцах нь. Чиний яриад байсан нөгөө мөрөөдөл чинь яасан бэ гэж асуудаг юм байна. Би оюутан байхдаа ч байгуулж болно шүү дээ гэж хариулахад чи монгол руу очоод судлаад ирээрэй гэсэн үг миний сэтгэлд гэрэл асаачихсан хэрэг. Тэр зуныхаа амралтаар Монголдоо ирж Нийслэлийн боловсролын газраар орсон чинь манай сургууль байгуулсан газрыг дуудлага худалдаагаар зарласан байхтай яг таарлаа. Буцах хугацаа дөхсөн учраас аавыгаа өмнөөс оруулж иргэн Жанчивын нэр дээр сургуулийнхаа газрыг авсан. Гурван давхар барилгын зураг гаргачихаад нөгөө хүмүүс дээр эргээд очив оо. Сургууль барих тооцоо 300 мянган ам.доллар гарчихсан. Тэр их мөнгийг хаанаас олохоо мэдэхгүй ч би нэг зүйлийг болсон бол дотроо төсөөлж бүр дүр зургийг нь гаргачихсан их л итгэл үнэмшилтэй гүйж явсан юмдаг. Ингээд Багана нэгийн холбоо байгуулж сургууль байгуулахад туслах хөдөлгөөнийг ротарийнхан маань гаргаж гурван жилийн хугацаанд 100 мянган ам.доллар цуглуулж чадсан. Аав, ээж ар гэрийнхний дэмжлэг, энд тэндээс бага хүүтэй зээл авснаар сургуулиа босгосон доо. Анх хөрөнгө оруулагч олох тухай ч мэдэхгүй гүйж явлаа. 10 жилийн дараа буцааж өгөх хөрөнгө оруулалтыг ямар нэгэн хүүтэйгээр Японы сайхан сэтгэлтэй зарим нэг хүмүүс өгч байсан. Би сургуулиа Японы хөрөнгө оруулалттай сургууль гэж ярьдаг. Юунд хөрөнгө оруулдаг вэ гэвэл төгссөн хүүхдүүдэд маань тэтгэлэг олгож, хөрөнгө оруулдаг. Одоо Япон руу манайх 370 гаруй хүүхэд тэтгэлгээр сургуульд явуулсны 170 гаруй нь Япон улсын засгийн газрын тэтгэлгээр явсан байна. 200 гаруй хүүхдийг намайг дэмжин ажилладаг, Ивээн тэтгэгч, тэтгэлгийн сангууд сургалтын тэтгэлгийг өгчээ. Нэг хүүхдэд дөрвөн жил сурахад багцаагаар 50 мянган ам.доллар гэхээр есөн сая ам.долларын тэтгэлэг олгосон гэсэн тоо гарч байгаа юм. Би сая одон авч үг хэлэхдээ “Дунд сургуулийн жирийн багшийн гарын үсгээр есөн сая ам.долларыг” Монголын боловсролд хөрөнгө оруулалт хийжээ” гэж хэлсэн нь бий. Хамгийн гол нь тэтгэлгээр сурч ирж буй хүүхдийн үнэ цэн хамгаас чухал юм даа.

-Танд баяр хүргэх нь зүйтэй байх. Японы Эзэн хааны Мандах Наран одон хэмээх эрхэм хүндэт шагналыг хүртсэн нь хоёр орны дунд гүүр болж, боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг үнэлсэн шагнал болсон болов уу?

-Баярлалаа. Би Японд их хайртай. Их сайхан улсуудтай таарсан ч юм билээ. Япон орны эерэг бодол надад байдаг учрааc би амжилтад хүрсэн. Тийм учраас миний хүүхдүүд очсон газраа талархаж, сайн талаас нь харж яваарай гэдгийг шавь нартаа захих дуртай. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэгчлэн аливаа зүйлийг сайн талаас нь харж хүлээж авах нь зүйтэй гэж санагддаг. Би бэлэгшээж явдаг нэг зүйлийн тухайд ярихад би дөрвөн охинтой хүн. Японоос ирж сургуулиа байгуулах үеэр хэнз хүүтэй болсон юм. Хүү маань Японы эзэн хааны төрсөн өдрөөр буюу арванхоёрдугаар сарын 23-ны өдөр төрсөн. Би энэ жил одон авлаа. Их бэлэгшээж байна.

-Японтой холбоотой дурсамж таны амьдралд төдийгүй Монголын боловсролын салбарт тодоор үлдэх нь гарцаагүй юм. Та өөрийгөө Японтой ямар сэжмээр холбож ойлгодог вэ?

-Би анх Япон явахад аав маань миний хүү Номхон далай, Фүжи ууланд өргөөрэй гэж надад сэржим /архи/ өгч явуулж далайн бурханд өргөдөг юм шүү гэж хэлж байсан. Би анх удаа нүд алдам далайг үзэж үнэхээр бахадсан. Цаг орчим бясалгал хийж залбирч суусан. Одоо бодоод байх нь ээ би зөв хөл дээрээ Японд буусан юм уу даа.

-Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байв?

-Аав малын эмч, ээж дэлгүүрийн худалдагч. Аав, ээж маань их бурханлаг сайхан хүмүүс байсан. Аав маань хүний ачийг их бодож явах ёстой шүү гэж сургадаг. Манайх эцэг эхээс есүүлээ, олуулаа бужигнаж өссөн. Сайхан хайран дунд өснө гэдэг их сайхан юм шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань сувилагч мэргэжилтэй. Арван жил хамт сурч байсан. Анх 19 насандаа аав, ээж болж байлаа. Том охин Жайка, Ерөнхийлөгчийн Тамгын газарт реферэнт, Хууль зүйн яаманд ажиллаж байгаад энэ жил Японд мастераа хамгаалчихаад ирсэн. Одоо охин маань эрдмийн хүрээлэнд СЕО гүйцэтгэх захирлын ажлыг хийж байна. Дараагийн охин Японы Суруга компанид ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй. Дараагийн охин Японы их сургуульд суралцсан, Нагояагийн их сургуульд мастераар гэр бүлийн хүний хамт суралцаж байна. Бага охин маань боловсролын чиглэлээр мөн Японд их сургууль төгссөн, хувиараа бизнес эрхэлдэг. Бага хүү маань ахлах ангийн сурагч.

-Манай улсын боловсролын салбарт барьж байгаа бодлогыг та юу гэж хардаг вэ. Төрөөс юунд голлон анхаарах ёстой вэ?

-Би загвар болгож бүрэн дунд сургууль байгуулсан хүн. Боловсролын системд ажилладгийн хувьд хэлэхэд нэг сайд ирээд хичээлийн хөтөлбөр, бүтцийг судалгаагүйгээр нааш цааш нь их хөдөлгөдөгт нь сайнаар ханддаггүй. Миний хувьд боловсролыг тогтвортой байлгах ёстой гэж үздэг. Манайхан чинь шинэчлэн гэх л юм. Шинэчлэл хийхийн тулд багш нар маань хэр бэлтгэгдсэн байгаа зэрэг бааз сууриа харж тооцох хэрэгтэй. Ер нь стандарт барих гэдгийг тогтвортой байлгамаар л байна. Манай сургууль гэхэд 2000 оноос хойш тогтсон хөтөлбөрөө нэг ч өөрчлөөгүй, шинэчилж ирсэн. Би өнгөрсөн жил Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Ахлах сургуульд хөдөлмөрийн ур чадвар олгох нь” гэсэн нэртэй төсөл дээр зөвлөхөөр ажиллахаар болов оо. Үндэсний зөвлөх нь төслийнхөө дизайныг хийнэ гэж бодоод орсон чинь бэлэн хийсэн төсөл санал болгосон. Дараа нь миний хийсэн төсөл болох учраас эргээд би бантан хутгадаг юм байна гэсэн муу нэр зүүх болно биз дээ. Нэгэнт өөрийн зорьсноор ажиллаж чадахгүй юм чинь гээд өөрийн хүсэлтээр татгалзсан.

-Таны цаашдын зорилго, дараагийн мөрөөдөл юу байна вэ?

-Одоо би шинээр барилга барихгүй. Би Харумафүжитэйгээ сургуулиа байгуулчихаад “Шинэ Монгол” сургуулиасаа олсон туршлага дээрээ үндэслэн ерөнхий боловсролын орон нутгийн сургуульд ч юм уу менежмэнт хийж ажиллая гэсэн бодол бас бий. Одон авчихаад баяраа сая тэмдэглэх үеэр манай сургуулийн зөвлөх төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр гуай “Монголын боловсролыг дэлхийд харуулах ёстой шүү. Дараагийн сургуулийг Японд байгуул” гэж хэлсэн нь надад бас нэгийг бодогдуулсан. Урьд нь Япон хүмүүс сургуулийнхаа менежментэд орж ажиллаад өгөөч гэдэг санал удаа дараа тавьж байсан нь бий.

-Тантай ярилцахад их том мөрөөдөлтэй, түүндээ хүрч чаддаг тууштай хөдөлмөрч занг олж харж байна. Таны амжилтад хүрсэн гол нууцыг юу гэж хэлэх вэ?

-Сургуулиа байгуулаад анхны төгсөгч нараа гаргасны дараа эргээд харахаар энэ хүүхдүүд маань Монголын ирээдүйг нуруун дээрээ үүрч явах юм байна гэдэг итгэл үнэмшил надад бүрэн дүүрэн байдаг. Улсыг хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлье гэж бид нар их сайхан ярьдаг даа. Би бол өөрийн чадах хэмжээнд л хийж байна шүү дээ. Гурван сая хүн ам дотор 10 мянган торгон цэрэг бэлдээд өгчих юмсан гэж мөрөөддөг. Манай сургууль шиг төгсөгчдийн тоо 10 мянга хүрсэн үед нийгмийг хөдөлгөгч манлайлагчид болох юм гэж хардаг. Брэнд бий болгож, бүтээгдэхүүн гаргахад хувь нэмэр болохоор бас нэгэн ажил хийгээд эхэлсэн байгаа. “Монгол Мабучи” сангаас тэтгэлгийн сан байгуулж гурав дахь жилдээ тэтгэлэг олгож байна. Жил болгон 30 хүүхдэд тус бүр нь 1500 ам.долларын тэтгэлэг олгох ажлыг төгсөгчидтэйгөө хамт хийдэг. Дотоодын их дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд нэг жилийн дараагаар цалингаасаа буцааж төлөх эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл юм. Энэ бол тухайн суралцаж буй хүүхдэд маш их урам өгч, зорилготой болгодог. Манай КООСЭН коллеж жилдээ 120 төгсөгч, ахлах сургууль маань 140 хүүхэд төгсгөж байна. Энэ тоо улам өссөөр арав, хорин жилийн дараагаар нийгмийн манлайлагчдыг төрүүлнэ. Бид дэлхийн хэмжээнд эхний шилдэг зууд багтдаг дээд сургуулийг Монголоосоо гаргая гэсэн том зорилго тавьсан. Би төгсөгч нартаа итгэдэг. Хүүхдүүд урдаа тавьсан том зорилгынхоо араас явж байгааг би өнөөдөр өөрийн нүдээр хардаг, бахдадаг. Бид нийгэмдээ ирээдүйд сайн өөрчлөлт авчрах хүнийг өөрсдийн хүчин чадлын хэмжээнд бэлдэж байгаа. Хүүхдийг өөрийг нь өөртэй нь өрсөлдүүлж сайн болгодог. Надад туршлага байна. Цаашдаа өөрийн олсон туршлагыг улсынхаа бодлогын шинжтэй өөрчлөлтөд гар бие оролцож, юм хийх юмсан гэж боддог.

Б.ДОЛЗОДМАА