新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Захирлын мэндчилгээ

Бидний цахим хуудсанд саатан буй таны амгаланг айлтгая. Шинэ Монгол бүрэн дунд сургууль (ШМБДС) жилээс жилд өргөжин хөгжиж, эдүгээ 110 гаруй багш ажилтан, 1170 гаруй сурагчтай, өнөр өтгөн хамт олон болжээ. Улмаар 2014 онд Шинэ Монгол Технологийн дээд сургууль (New MIT), Шинэ Монгол Инженер техникийн коллеж (New MTEC) тус тус үйл ажиллагаагаа эхлүүлснээр Шинэ Монгол сургууль маань Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн болон өргөжлөө. Энэ нь манай төгсөгчдийн хувьд ирээдүйн мэргэжлээ сонгох, Эрдмийн хүрээлэнгийн хүрээнд элсэлтийн шалгалтгүй шууд дэвшин суралцах гэх мэт таатай нөлөө үзүүлж байна.

2010 онд Шинэ Монгол сургууль 10 жилийн ойгоо тэмдэглэж, өөрийн үйл ажиллагаагаа эргэн харахдаа "Сайн сургууль" болсон хэмээн дүгнээд цаашид "Агуу сургууль" болох зорилт тавьсан билээ. Өөрөөр хэлбэл, энэ нь "Сайнаас агууд дэвших" тухай асуудал юм. Агуу сургуулийг бид зуунаар хэмжигдэх хөгжил дэвшил, алдар суу гэж ойлгодог. Тиймээс багш нар маань агуу байж, төгсөгчид, сурагчид агуу болж төгөлдөрших учиртай. "Дэлхийд үнэлэгдэх монгол иргэдийг бид бэлтгэнэ", "Төгсөгчид нь сургуулиараа бахархаж, сургууль нь төгсөгчдөөрөө алдаршина", "Өөрийн аз жаргалыг цогцлоож, өрөөлд аз жаргал бэлэглэнэ" гэх мэт манай уриа үгүүдэд энэ санаа нэвт шингэсэн юм. Энэ ч утгаараа Шинэ Монголыг төгсөгчид төрөлхи сургууль, номын ах дүү нартайгаа бат нут холбоотой байж, улс орны хөгжлийг түүчээлэн авч явах үүрэгтэй билээ.

Андын ёсыг эрхэмлэж, аз жаргалд тэмүүлдэг, эвсэг, тусархаг, ажилсаг, нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой монгол иргэдийг бид бэлтгэх болно.

ШМБДС-ийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр