新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

​МУ-ын 100 буудалт даамын Гавъяат тамирчин, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэгтэй хийх "Зэрэг тоглолт" уламжлал болон 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

12.10.2014

МУ-ын 100 буудалт даамын Гавъяат тамирчин, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэгтэй хийх "Зэрэг тоглолт" уламжлал болон 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн нийт 73 сурагч оролцов. Энэ удаагийн тэмцээнд 1 спортын мастер, 4 дэд мастер, даамын спортын I зэрэгтэй 13 сурагч, II зэрэгтэй 8 сурагч, III зэрэгтэй 7 сурагч, мөн хот, дүүргийн медальт өсвөрийн шилдэг тамирчид цугларан их мастертай тоглолоо. Тэмцээн 09:00-16:00 цаг хүртэл үргэлжилж:

"Хамгийн гоё комбинаци" цомын эзнээр 42-р сургуулийн сурагч , спортын дэд мастер Б.Отгон-Эрдэнэ (Хожсон)

"Өсөх ирээдүйтэй даамчин" цомын эзнээр 84-р сургуулийн сурагч, 7 настай Г.Хувьтөгөлдөр (Тэнцсэн)

"Уран өрөг" цомын эзнээр Шавь цогцолбор сургуулийн сурагч, 10 настай Б.Мөнхжин нар тус тус тодорчээ.

Мөн 40-р сургуулийн сурагч, 10 настай Ц.Дөлгөөн, Шинэ Монгол сургуулийн сурагч, 12 настай Э.Билгүүнзаяа нар их мастерыг хожиж, 11 сурагч тэнцсэн амжилтаар их мастерын гараас шагнал гардан авлаа.

Тэмцээнд оролцогчийн сэтгэгдэл:

МУ-ын аварга, 2013 оны ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгөн медаль, 2014 онд ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 1 алт, 1 хүрэл медаль хүртсэн, даамын спортын I зэрэгтэй 8 настай бяцхан тамирчин Б.Баярманлай:

Би даамын спортоор хичээллээд 2 жил болж байна. Азийн аваргаас алтан медаль хүртэн удахгүй болох дэлхийн аваргад оролцохоор болсон. Дэлхийн аваргын тэмцээний бэлтгэлээ хангаж, өөрийгөө сорьж үзэх зорилгоор энэ тэмцээнд анх удаагаа оролцож байна. Их мастерыг хожно гэдэгтэй итгэлтэй байсан боловч тоглолт хэцүү байсан. Байрлалаа алдахгүй шахаж тоглосны эцэст тэнцэж чадсандаа их баяртай байна.

42-р сургуулийн сурагч, спортын дэд мастер Б.Отгон-Эрдэнэ:

Би энэ тэмцээнд 3 дахь жилдээ оролцож байна. Эхний жил тэнцэж "Хамгийн гоё өрөг"-өөр шалгарч байсан. Харин 2 дахь жилдээ хожигдсон бол энэ жил хожиж чадлаа.

Тэмцээний явцад нэг хүү алдаад хожих боломж маш бага үлдсэн. Тэхдээ сайн комбинаци хийсний дүнд хожиж чадсан. Энэ тэмцээнд их аваргаас туршлага судалж, өөрийгөө хөгжүүлэх гэж оролцдог.

Шинэ Монгол сургуулийн сурагч, даамын спортын 1-р зэрэг, 10 настай оролцогч Э.Билгүүнзаяа:

Энэхүү тоглолтод 5дахь удаагаа оролцож байна. Энэ жил тэнцэнэ гэж бодож байсан. Тэхдээ хожиж чадсандаа их баяртай байна.

Их мастер олон хүнтэй зэрэг тоглосноор надад хугацаа хожих боломж гарсан. Нүүх нүүдлээ бүх талаас нь бодож байсан. Харин оролцогчид багасаад ирэхээр их мастер хурдан тойрч хэд хэдэн удаа алгасахад хүргэсэн. Тэгж хугацаа хожсоны ачаар хожиж чадлаа.