新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Товч танилцуулга

Аливаа орны хөгжлийн түлхүүр нь хүний хөгжилдөө байдаг. Хүнээ, иргэнээ хөгжүүлж чадсан орон л асар хурдацтай хөгжиж чаддаг. Хүнээ хөгжүүлье гэвэл чанартай боловсрол олгох нөхцлийг бүрдүүлэх, боловсролыг жинхэнэ утгаар нь тэргүүлэх чиглэл болгох нь чухал. Иймийн учир чадварлаг, бүтээлч хариуцлагатай иргэн хүнийг төлөвшүүлэхэд өнөө үед авах дүнгээс илүү арга ухаан, зөв сэтгэл, эрүүл саруул бие бялдартай, ямар ч нөхцөл байдалд хөрвөн ажиллах чадвартай хүнийг бэлтгэх нь чухал. Иймд Монголын боловсролын тогтолцоонд шинэлэг чиг хандлага, дэлхийн стандартад нийцэхүйц сургалттай, монгол улсын ирээдүйг нуруундаа үүрч явах дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой Япон хэв шинжийн ахлах сургууль болох "ШИНЭ МОНГОЛ" сургууль нь 2000.10.05-нд байгуулагдсан юм..

"ШИНЭ ЗУУН - ШИЛДЭГ БОЛОВСРОЛ" уриан дор хувь хүний хөгжлийг эрхэм болгож, "Шинэ Монгол СОЁЛ"-ыг түгээх, дэлхийн БРЭНД иргэдийг төрүүлсээр өдгөө 13 дахь жилдээ сургалт хүмүүжлийн ажлаа амжилттай явуулж байна.

Тус сургууль нь япон хэв шинжээр сургалтаа явуулж 1 ээлжээр хичээллэдэг ба сурагчдын мэдлэгийг бататгах, бие бялдрыг хөгжүүлэх сонгон, секц дугуйлан хичээллүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орныг бүрдүүлж, сурагчдыг сурах, хөгжих хүсэл эрмэлзлийг төрүүлж чадсан.

Өнөөгийн XXI зуун дахь мэдээллийн технологи, глобалчлал зэрэг нийгмийн хурдацтай хөгжлийн үед улс орны хэмжээнд боловсролын шинэчлэлийн талаар чухалчлан авч үзэж, багш мэдээллийг дамжуулж, сурагчид түүнийг цээжилж, багшаас үнэлгээ авдаг уламжлалт сургалтын хэлбэрээс татгалзан цогц чадамжтай иргэн бэлтгэхэд анхаарлаа хандуулж байгаа юм.

Хэдийгээр Монгол улс олон улсад чанарын үзүүлэлтээр математик, монгол хэл, физик, хими зэрэг академик сургалтын хувьд боломжийн гэж үздэг боловч нийгмийн хөгжлийн түвшин, хувь хүний чадамж зэргээр доогуур байр эзэлдэг нь нууц биш юм. Үүнийг дэлхийн жишигт нийцүүлэх нь хүний амьдралын хэрэгцээ, нийгмийн бодит захиалгын дагуу "Шинэ Монгол" сургууль нь Монгол орны ирээдүйн иргэнийг бэлтгэх, төлөвшүүлэх тал дээр өөрийн онцлог бүхий сургалтын арга техник, хөтөлбөрийг боловсруулан ашиглаж байгаа билээ.

Сургуулийн зорилго, зорилт:

Өнгөрсөн хичээлийн жилд дараагийн 10 жилийн зорилгоо “Сайнаас Агууд дэвшихүй” зарчмыг үндэслэн Сайн сургуулиас Агуу сургууль болох гэсэн байдлаар томъёолсон билээ. Энэ хичээлийн жилд “Агуу сургууль” гэдэг ойлголтыг улам тодорхой болгож, тайлбарлах таниулах үзэл баримтлалыг эхний хувилбараар гаргахыг голлон анхаарав. Энэхүү үзэл баримтлалдаа тулгуурлан дараагийн шинэ 10 жилийн сургууль хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөг төсөл байдлаар   боловсруулсан болно. Үүн дээрээ үндэслэн 2011-2012 оны хичээлийн жилийн зорилтыг дараах байдлаар гаргасан болно.

Үүнд:

  1. Агуу сургууль болох  үзэл баримтлалыг тодорхой болгох, бага ангийн  сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг эрс шинэчлэн өөрчлөх.
  2. Суралцагчдын болон төгсөгчдийн амжилтыг илүү өндөр түвшинд хүргэх.
  3. Багаар ажиллах зарчмыг тууштай хэрэгжүүлж, хөхүүлэн дэмжиж урамшуулах.
  4. Бага, дунд, ахлах ангиудын уялдаа холбоог сайжруулан харилцан хүлээлцдэг болох.
  5. Багш нарт тавих шаардлагыг өндөржүүлж, тэдний ур чадварыг дээшлүүлж, мэргэжлийн багш нарын чадварлаг баг бүрдүүлэх.
  6. Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шат дараалалтай шийдэх талаар тодорхой дүрэм журамтай болох.
  7. Багш нарын мэргэжил дээшлүүлэх системийг сургуулийн хэмжээнд биеэ даан шийдвэрлэх бодлого боловсруулах.
  8. “Шинэ Монгол” дээд сургууль, “Бяцхан Монгол” цэцэрлэгийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт олох.
  9. Эрүүл мэндийг дэмжих сургууль болж, цахим сургуулийн хөтөлбөрийг тууштай нэвтрүүлэх.
  10. Удирдлагын багийг бэхжүүлж үйл ажиллагаанд чанарын дэвшил гаргах.
  11. Гадаад харилцаагаа өргөжүүлж  /Япон, Америк, Тайван/ сурагч солилцооны хөтөлбөрийг тууштай нэвтрүүлэх, ротару  клубтэй хамтран төсөл хэрэгжүүлэх.
  12. Сургуулийн  үйл ажиллагааг олон түмэнд сурталчлах, улс оронд өрнөж буй боловсролын шинэчлэлд манлайлан оролцох.

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь: Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой

Идэр насны мөнхийн дуулал

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө