新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

С.Хандмаа

“Шинэ Монгол” сургуулийн төгсөгч, БНХАУ-ын Газрын тосны их сургуулийн оюутан Сандаг-Очирын Хандмаатай ярилцлаа.

-Өөрөө “Шинэ Монгол” сургуулийг хэдэн онд төгссөн бэ. Сургуулийнхаа талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?

-Би “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн 2011 оны төгсөгч. Энэ сургуулийг төгссөнөөрөө маш их бахархдаг. Учир нь, манай сургуулийн багш, удирдлагууд үргэлж бидэнд анхаарал тавьж, төгссөн ч гэсэн яав ийв, юу болж байна гэж эргэх холбоотой байдаг. Энэ нь биднийг сайн сурч амжилт гаргахад түлхэц болдог. Үнэхээр л сурч чадвал маш их боломжийг өгдөг. Жишээ нь, миний хувьд сургуулиас өгдөг зургаан удаагийн тэтгэлгийг бүгдийг нь авч байсан.

-Ажиглаад байхад “Шинэ Монгол”-ын төгсөгчид ихэнхдээ л Японы их дээд сругуулиудад сурахаар явдаг. Гэтэл өөрөө урд хөршийг сонгосон байна. Энэ сонголтынхоо талаар ярихгүй юу?

-Уг нь би Японы Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн л дээ. Бас Хятадад сурах Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт тэнцсэн. Би хувьдаа Японд сурна гээд зорьчихсон байсан юм. Эцсийн мөчид Хятадад сурахыг сонгосон. Сүүлийн үед Хятад хэлний хэрэгцээ ч нэмэгдэж байна. Миний сонирхол ч нефтийн чиглэлээр сурах байсан. Дунд сургуульд байхдаа химдээ их сайн байсан. ШУТИС-ийн Газрын тосны сургууль дээр очиж, судалдаг байлаа. Миний өөр нэг сонирхдог салбар болох эдийн засгийн салбар их нийтлэг шинжтэй болоод ирсэн. Тийм учраас л боловсон хүчин дутагдалтай нефтийн салбарыг барьж авсан даа. Багш, захирлууд маань ч миний сонголтыг дэмжсэн.

-Одоо яг ямар чиглэлээр сурч байна вэ?

-Газрын тос, байгалийн хийн боловсруулалтын инжнерээр сурч байгаа. Ерөнхийдөө бол химийн инженер гэсэн үг л дээ. Одоо гуравдугаар курсын оюутан учраас химийн суурь туршилт, үйлдвэрлэлийн дадлагууд л их хийж байна. Курс ахих тусмаа газрын тос, байгалийн хийн боловсруулалтын нарийн хэсгүүдтэй нь танилцаад явдаг юм билээ. Ерөнхийдөө дадлага, туршилт маш их хийдэг. Энэ чиглэлд улсаас нь ч хөрөнгө их хаядаг. Тэр хэрээр оюутнууд нь чанартай боловсрол, мэдлэг, дадлага туршлага эзэмшдэг.

-Сургуулийнхаа талаар товч танилцуулахгүй юу. Нэр хүндээрээ хэр сургууль вэ?

-Бээжингийн газрын тосны их сургууль. Хятаддаа бол номер нэг сургууль. Дэлхийд бол ОХУ-ын сургууль нэгт ордог. Дараа нь манай сургууль орно. Өөрөөр хэлбэл, Хятадад нэгт, дэлхийд хоёрт ордог том сургууль л даа.

-Ирээдүйд Монголдоо ирж нефть, хийн боловсруулалтын үйлдвэрлэлд гар бие оролцох нь ээ. Монголд энэ чиглэлд хэр ахицтай байгаа талаар судалдаг л биз дээ?

-Тэгэлгүй яахав, миний сонгосон сонголтын маань эцсийн зорилго Монголдоо ирж ажиллах шүү дээ. Одоохондоо газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар ярьж байна л даа. Одоохондоо эдийн засгийн үр ашиггүй учраас ахицгүй байх шиг байна. Өөрөөр хэлбэл, боловсруулах үйлдвэр бариад ажилуулах нь гаднаас импортоор авснаас илүү зардал гаргах гээд байгаа юм. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Миний мөрөөдөл ч гэсэн Монголдоо байгуулсан боловсруулах үйлдвэрт ажиллах. Манай улс нефтийн нөөцтнй мөртлөө түүнийгээ ашиглахгүй гадагш нь гаргаад байдаг. Үүний оронд дотооддоо боловсруулах үйлдвэр бариад өөрсдөө ашиглах хэрэгтэй.

-Энэ чиглэлээр ажилладаг боловсон хүчин хэр хангалттай байдаг юм бол?

-Өмнө нь Орост сурсан инженерүүд нэлээн байдаг юм билээ. Тэнд сурч байхдаа нефть, хий боловсруулах арга гаргаж авсан хүмүүс ч цөөнгүй байдаг. Сүүлийн үед ч гэсэн энэ чиглэлээр гадаадад сурч байгаа оюутнуудын тоо нэмэгдэж байгаа.

-Дотооддоо боловсон хүчин бэлтгэхэд манайд юу дутагдаж байна вэ?

-Манай сургалт бол сайн шт ээ. Гол нь дадлага, туршилт хийх материаллаг бааз л дутуу. Хятадад бол энэ талыг маш сайн хангаж өгдөг. Туршилтын багажууд нь орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд байдаг. Олзуурхууштай нь манай “Шинэ Монгол” технологийн дээд сургууль орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өндөр хүчин чадалтай лаборитартай болсон байна лээ. Ийм л орчинд оюутнуудыг сургаж чадвал бидэнд гаднын орны их сургуулиас дутах юм байхгүй. Бас төр засгаас өндөр технологийн салбарыг бодлогоор дэмжиж, хөрөнгө хаядаг болчихвол бидэнд амжилт гаргах бүрэн боломж бий гэж хардаг.

-Танай сургуульд гаднын орны оюутнууд их сурдаг гэсэн. Өрсөлдөөн хэр их байдаг вэ. Улс орныхоо нэрийг гаргахын төлөө гэдэг ч юм уу. Өөрөө Монгол Улсынхаа нэрийг хэр өргөж байна вэ?

-Өрсөлдөөн байлгүй яахав. Манай сургуульд 30 гаруй орны хүүхдүүд сурдаг. Эхний жил л гэхэд хэлний бэлтгэл дээрээ 300 гаруй хүүхдүүдтэй өрсөлдөж нэгдүгээр байрт орж байсан. Энэ амжилтаараа тухайн жилийнхээ шилдэг оюутан болсон. Манай сургууль оюутнуудаа дүнгээр нь жагсааж шилдгүүдээ тодруулдаг. Би хэлний бэлтгэлдээ нэгт ороод дараа жил нь нэгдүгээр курстээ бас шилдэг оюутан болж байсан. Энэ жил ч бас шилдэгт өрсөлдөж байгаа.

-Та энэ бүх амжилтынхаа үндэс суурийг хаанаас олсон гэж боддог вэ?

-Энэ бол ерөөсөө л “Шинэ Монгол” соёл.

-Та 1-9 анги хүртлээ өөр сургуульд сураад аравдугаар ангиасаа “Шинэ Монгол”-д орсон гэснэ шүү дээ. Энэ богино хугацаанд өөрийгөө хэрхэн өөрчлөгдсөн гэж бодож байна?

-Ер нь бол би 1-9 хүртлээ дундаж л сурагч байсан. Яахав хичээлээ хийгээд сурчихсан, тийм л хүүхэд байсан. “Шинэ Монгол”-д ороод төлөвшил, соёл сурсан. Зөвхөн өөрөө хичээл хийгээд суух биш, ах, эгч нараасаа асуух, дүү нартаа хэлж өгөх гэх мэтээр багаар ажиллах чадварт суралцсан. Манай сургуулийн гол онцлог нь эргэх холбоо маш сайтай. Одоо 14 дэхь үе дээрээ явж байгаа гэхэд бид нэгдүгээр үеийн төгсөгч нараа хүртэл сайн мэддэг. Тэд сургууль дээр ирж хэрхэн амжилттай сурч байгаа талаараа, биднийг юунд анхаарах тал дээр яриа хийж, урам зориг их өгдөг байсан. Бараг долоо хоног болгон нэг төгсөгч ирж яриа хийдэг байлаа. Энэ бүхэн сурч тэмүүлэх нэг өдөөгч хүчин зүйл болж өгч байсан.

-Та дүү нартаа юу гэж зөвлөдөг вэ?

-Би өдөр, шөнөгүй хичээл давтаад байдаг сурагч байгаагүй л дээ. Одоо ч энэ зуршлаа алдаагүй. Гол нь тухайн цагт нь багшийн зааж байгаа хичээлийн 70 хувийг л ойлгоод авчих хэрэгтэй. Тэгвэл дараа нь үлдсэнийг нь давтлагаар сурчихна. Өөрөөр хэлбэл, цагийн юмыг цагт нь хийж дадах хэрэгтэй. Одооны хүүхдүүд хичээл дээрээ фэйсбүүкт орчихсон сууж байгаа харагддаг.

-Сургуулиа төгсөөд үргэлжлүүлж сурах бодолтой байна уу. Таны ойрын болоод хэтийн зорилго юу байна вэ?

-Эхлээд ажиллаж үзье гэж бодож байгаа. Бакалавраа төгсөөд мастерт суувал үзсэн юмаа л хүндрүүлж үзнэ. Түүний оронд эх орондоо ирээд 1-2 жил ажиллаж үзье. Монголын маань нөхцөл байдал ямар байгааг биеэр мэдэрнэ гэж төлөвлөж байгаа. Дараа нь сурахад илүү үр дүнтэй болов уу гэж бодож байна. Ойрын зорилт гэвэл, нефть, нефтийн бүтээгдэхүүнийг хадгалах асуудал түвэгтэй байдаг. Уурших, алдагдах магадлалтай бүтээгдэхүүн шүү дээ. Энэ тал дээр манайхны ашигладаг Орос, Хятад гэсэн хоёр төрлийн технологи байдаг. Энэ дундаас Монгол технологи гэдэг юмыг гаргана гэсэн зорилт надад бий. Одоохондоо энэ зорилгоо биелүүлэхээр сураад, судлаад л явж байна. Олон эрдэмтэнтэй уулзаж үзсэн. Тэд миний мөрөөдлийг биелэх боломжтой. Гэхдээ маш их судалгаа, шинжилгээний ажил хийх шаардлагатай шүү гэж зөвлөсөн.

-Монголдоо ажиллахдаа юу хийнэ гэж төлөвлөж байгаа вэ.

-Би ганцаараа үйлдвэр байгуулж мэдээж чадахгүй. Гэхдээ үйлдвэр байгуулах ажилд гар бие оролцож, сурсан мэдсэнээ зориулах юмсан гэж боддог. Үүнээс гадна хүүхэд хөгжлийн чиглэлээр ямар нэг ажил хийх юмсан гэж боддог. Би дүүгүй л дээ. Тийм учраас дүүтэй болох юмсан гэж багаасаа л мөрөөддөг байсан. Тийм учраас мэргэжлээрээ ажиллахын зэрэгцээ мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй. Түүнээс гадна манай “Шинэ Монгол” сургуулийнхан асрамжийн газарт очиж хүүхдүүдэд тусалдаг. Эндээс улбаатайгаар асрамжийн газар биш ч гэсэн Хүүхэд хөгжлийн төв байгуулна гэж боддог. Хүүхдүүдэд мэргэжлээ сонгоход нь тусалдаг гэх ч юм уу. Сурсан мэдсэнээрээ тус хүргэнэ.

-“Шинэ Монгол” сургуулийн гадна нэг хөшөөний суурь байдаг шүү дээ. Тэр талаар бодсон төлөвлөсөн юм байна уу?

-Нобелийн шагнал бол маш том зорилго, маш их хөдөлмөр шүү дээ. Миний хувьд бол хол санагдаж байна. Харин манай нэгдүгээр үеийн төгсөгч Батзаяа гээд эгч байгаа. Одоо АНУ-д Харвардад байгаа. Тэр эгч нэлээн дөхсөн шүү. Магадгүй манай сургуулиас, бүр Монгол Улсаас төрсөн анхны Нобелийн шагналтан болох боломж бий гэж боддог.