新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Төгсөгчдийн ярилцлага

Б.Энхбат: Биотехнологийн салбар Монголын ирээдүй байж болох юм

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн төгсөгч, Япон улсын Нагояа их сургуульд Биотехнологийн чиглэлээр суралцаж байгаа Б.Энхбаттай ярилцлаа.

-Та дунд сургуулиа хаана төгссөн бэ?

-Би 2011 онд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийг төгссөн. Миний хувьд химийн хичээлдээ их сонирхолтой хүүхэд байсан л даа. Тийм учраас “Шинэ Монгол” сургуульд орж, энэ чиглэлээр илүү их амжилт гаргая гэж бодсон юм. Яагаад гэхээр манай сургууль тухайн үед, одоо ч гэсэн химийн маш сайн багш нартай. Үүгээрээ ч ерөнхий боловсролын сургуулиуд дунд их алдартай байдаг.

-Олон улсын олимпиадад амжилт үзүүлж байсан гэж сонссон?

-Их л олон олимпиадад ордог байсан. Тодотгоод хэлбэл Хотын олимпиадаас алт, мөнгө, хүрэл медал, Улсын олимпиадаас алт, хүрэл, тусгай байр хүртэж байсан. Олон улсын олимпиадад бол хоёр удаа оролцож байсан. Үүнээс Туркэд зохион байгуулагдсан олимпиадаас хүрэл медаль хүртэж байв.

-Туркэд болсон олимпиад хэр өргөн цар хүрээтэй болсон юм бэ?

-Улс улсаас дөрвөн хүүхэд оролцож өрсөлддөг, нэр хүнд цар хүрээгээрээ томоохонд тооцогдох олимпиад л даа. Миний хувьд энэ олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэнээрээ “Шинэ Монгол” сургуулийн химийн олон улсын олимпиадаас медаль авсан хоёр дахь хүүхэд болсон. Үүгээрээ их бахархдаг шүү.

-Ийм мундаг хүүхдэд олон их дээд сургуулиас урилга ирсэн байлгүй дээ. Энэ дундаас ямар сонголт хийв?

-Улсын олимпиадад түрүүлсэн байсан учраас Боловсролын яамнаас томилолт аваад МУИС-д орсон л доо. Гэхдээ миний хувьд эхнээсээ л Япон явж сурах сонирхолтой байсан юм. Гэтэл япон хэлний мэдлэг дутаад байдаг. Тийм учраас “Шинэ Монгол” сургуулиас явуулдаг “ABK” гээд Япон хэлний нэг жилийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан. Ингээд Японд нэг жил хэл сураад тэндээ шалгалт өгч Нагояа их сургуульд элсч орсон доо.

-Японы их дээд сургуульд ороход өрсөлдөөн их байдаг гэж сонссон юм байна. Чиний хувьд хэр өрсөлдөөнтэй байсан бэ?

- Ер нь Японы их дээд сургуулиудад дотоодын өрсөлдөөн бол их байдаг. Гэхдээ гадаад хүүхдүүдийн хувьд тусдаа шалгалт авдаг юм. Би Хятад, Тайван, Солонгос зэрэг орны 12 хүүхэдтэй өрсөлдөж гуравдугаар байрт шалгарч тэнцсэн.

-Нагояа их сургууль гаднын орноос жилд хэдэн оюутан элсүүлдэг юм бэ. Ер нь энэ сургууль нэр хүндээрээ Япондоо хэдэд ордог вэ?

-Тоогоо тэд гэж зарладаггүй юм билээ. Ихдээ л гурав, дийлэнхдээ жилд 1-2 хүүхэд авдаг гэсэн. Нагояа их сургууль бол Японы Эзэн хааны шилдэг долоон сургуулийн нэг л дээ. Сүүлийн жилүүдэд манай сургуулиас Нобелийн шагналтнууд маш ихээр төрж байгаа. Энэ нь нэр хүндийг нь дотооддоо төдийгүй, гадаадад өндөр өргөж байгаа.

-Нийт хэчнээн Нобелийн шагналтан төрсөн бэ?

-Одоогийн байдлаар нийт зургаан Нобелийн шагналтан төрөөд байгаа.

-Ийм олон Нобелийн шагналтнууд төрүүлдэг нь сургалтын системтэй нь холбоотой байх. Жишээ нь, өөрөө одоо ямар хичээл үзэж байна вэ?

-Байгалийн ухаанд маш их хүч хаядаг сургууль байгаа юм. Шинээр элссэн оюутнууд эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл үзэхийн зэрэгцээ хажуугаар нь мэргэжлийн үндсэн хичээлүүдээ үздэг. Гуравдугаар ангиасаа үдээс өмнө мэргэжлийн хичээлээ үзнэ. Үдээс хойш бол дандаа туршилтууд хийдэг.

-Таны мэргэжил юу вэ?

-Миний мэргэжил бол “хэрэглээний биотехнологи”. Ерөнхийдөө хоол хүнс, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, ургамал, бичил биетэн гэх мэт янз бүрийн чиглэлээр ажиллах боломжтой.

-Хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс үйлдвэрлэх чиглэлд чухал мэргэжил юм байна даа?

-Тэгэлгүй яахав, бид одоо энэ чиглэлийн бүхий л туршилтуудыг хийж, туршиж үзэж байгаа. Төмснөөс инзенийг нь ялгаж аваад түүнийгээ судалж үзэх гэх мэт. Энэ улиралд бол голчлон химийн чиглэлийн туршилтуудыг түлхүү хийсэн. Ирэх улирлаас молекул биологийн чиглэлээр нэлээн туршилтууд хийх байх.Миний хувьд хүнсний чиглэлийг барьж ажиллах сонирхолтой. Тэр дундаа эрүүл хүнсийг гаргаж авах тал дээр түлхүү ажиллана гэж боддог. Монгол Улсад маань хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний асуудал нэлээн эмзэг байдаг шүү дээ. Тийм учраас энэ чиглэлийг сонгосон. Үүнээс гадна миний сонирхлыг монголчуудын маань танил хэрэглээ болсон цагаан идээ их татдаг. Энэ бол огт судлагдаагүй шахуу сэдэв. Жишээ нь, Монголд тэмээний сүүгээс хоормог, ааруул гэх мэт бүтээгдэхүүн хийдэг. Хоёр бөхтэй тэмээ Монголоос өөр газар нэг их харагдаад байдаггүй шүү дээ. Энэ утгаараа их сонирхол татам сэдэв байгаа юм. Ингэний сүүний найрлагад юу байгааг, хүний биед ашигтай ямар төрлийн бактериуд байна гэхчлэн цаашдаа судлаад явбал сонирхолтой олон зүйл гарч ирнэ гэдэгт итгэлтэй байдаг шүү.

-Зохицуулах хүнс гэж юу гэсэн үг вэ. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юу?

-Сүүлийн үед бифидо тараг гэж гарч ирж байгаа шүү дээ. Энэ бол тараган дээр хүний биед ашигтай бактериудыг л нэмсэн гэсэн үг. Тэр нь ходоодонд байгаа хортой бактериудыг үхүүлж, устгах орчинг нь бүрдүүлж өгч байдаг. Сүүлийн үед зохицуулах үйлчилгээтэй хүнсийг ихээр хэрэглэх болсон шүү дээ. Японы компаниуд ч гэсэн энэ чиглэлд түлхүү хөрөнгө хаяж, өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг баяжуулж, шинээр зах зээлд танилцуулах ажлыг их хийх болсон. Манай улсад ч гэсэн энэ чиглэлд хөгжил бий гэдэгт итгэлтэй байдаг. Ялангуяа эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдал, хоол хүнснээс болж байгаа өвчлөлийн хэмжээг авч үзэх юм бол нийгмийн ч, зах зээлийн ч хэрэгцээ нь их байгаа гэж бодож байна. Тийм учраас энэ чиглэлээр оюутнуудыг сургаж, төр засаг болон хувийн хэвшлүүд хөрөнгө хаяасай гэж боддог. Манайд мал аж ахуй, газар тариалан, байгалийн бусад баялаг гээд тоочвол нөөц бололцоо нь асар их бий. Магадгүй энэ салбар Монголын ирээдүй ч байж болох юм.

-Өөрийн чинь сурч байгаа чиглэлээр оюутан бэлддэг сургууль Монголд бий юү?

-МУИС, бас Шинэ Монгол технологийн дээд сургуулиуд энэ чиглэлээр оюутан бэлдэж эхлээд байгаа шүү дээ.

-Магадгүй өөрөө ч юм уу, эсвэл энэ чиглэлээр дотооддоо төгссөн оюутнууд Монгол Улсынхаа хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнс, эм эмчилгээний салбарт ахиц гаргах боломжтой юм шиг санагдлаа. Жишээ нь, манайд тарваганы шагай, хойлогийн мах, чонын хэл, гишүүнэ ийм тийм өвчинд сайн гэсэн ам дамжсан яриа явдаг шүү дээ. Үүнийг шинжлэх ухааны аргаар нотлох боломжтой юу?

-Болох байх. Гол нь энэ найрлага нь ийм сайн нөлөө үзүүлж байна гэдгийг нь судалгаагаар баталж, зөвшөөрлөө авах хэрэгтэй. Магадгүй сайн нөлөө үзүүлдэг найрлагыг нь хүнсний бүтээгдэхүүнтэй хольж зах зээлд нийлүүлж болно шүү дээ.

-Таны ирээдүйн зорилго юу вэ?

-Түрүүн хэлсэнчлэн Монголдоо ирж, сүү, цагаан идээгээ илүү өндөр төвшинд боловсруулах, түүнээс хүний биед ашигтай юуг гаргаж авах вэ гэдэг дээр ажиллана. Үүний тулд цаашаагаа магистр, доктор гээд үргэлжлүүлээд сурах хэрэгтэй. Түүнчлэн энэ жил дунд сургуулиа төгсч байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд юу бодож, юуг зорьж байгаагаа сайн бодоорой. Ирээдүйн техник технологи, шинжлэх ухааны чиг хандлага, мөн эдийн засаг хаашаа чиглэж байгааг анхаарч, ирээдүйг төсөөлж мэргэжлээ сонгох хэрэгтэй. Тэгэхгүй бол миний сонссоноор Монголд маань нийгэм, хуулийн чиглэлээр сурдаг оюутнуудын тоо илүү жин дардаг гэж сонссон. Энэ нь ирээдүйд ажилгүйдлийн нэг хэлбэр болох ч юм билүү.

-Таныг Мабучи тэтгэлгээр сурдаг гэж сонссон. Энэ талаараа товч сонирхуулахгүй юу?

-Мабучи тэтгэлэг бол Зүүн өмнөд Азийн оюутнуудыг дэмжих зорилготой тэтгэлэг.Ерөнхийдөө Шинэ Монгол сургуулийг төгссөн, сурлага, идэвхи сайн, цаашдаа Монгол Улсаа хөгжүүлэх зорилго бүхий хүүхдүүдэд өгдөг. Харин одоо дотоодын их, дээд сургуулиудад сурч байгаа оюутнуудад өгдөг болж байгаа гэсэн. Миний хувьд Япон хэлний сургуулиасаа эхэлж энэ тэтгэлгийг авч эхэлсэн. Дараа нь их сургуульд ороод үргэлжлүүлэн авч байгаа. Сарын 100.000 иен буюу Монгол төгрөгөөр бол 1,6 сая гаруй төгрөгийн тэтгэлэг авдаг. Энэ тэтгэлэг бидэнд маш их боломжийг өгдөг. Өөр юунд ч санаа зовохгүйгээр зөвхөн хичээлдээ 100 хувь анхаарлаа хандуулах боломж олгодгоороо давуу талтай. Дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 80 гаруй сая төгрөгийн тэтгэлэг гэсэн үг л дээ. Энэ бол монгол хүүхдүүдэд олгож байгаа маш том боломж юм шүү.