新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Шибата Сүмио: Шинэ Монгол сургуультай Шинжоомон төслийг хамтран хэрэгжүүлнэ.

02.10.2017

Токиогийн Их Сургууль нь Япондоо төдийгүй азидаа нэгт эрэмбэлэгддэг босго өндөртэй сургууль. Тус сургуулийн элсэлтэд бэлдэж хамгийн их төгсөгчдөө тэнцүүлдэг ахлах сургууль бол Кайжо дунд ахлах сургууль юм. Эрчимжүүлсэн сургалттай Кайжо сургуулийн захирал Шибата Сүмиотой хийсэн дунд, ахлах сургуулийн хүүхдийг төлөвшүүлэх хөтөлбөрүүдийн талаар ярьсан ярилцлагаас та бүхэнд хүргэж байна. Ёс суртахууны хичээлийг танхимын бус сургалт буюу үйлдлээр хэрхэн эзэмшүүлдэг талаар нарийн бичсэн байна. Мөн манай сургуультай тогтоосон харилцаа болон Шинжоомон төслийн тухай ч бичжээ.

Кайжо ахлах сургууль.

Кайжо сургуульд нэг үедээ нийт 320 сурагч суралцдаг. 2017 онд Токио их сургуульд 49, Киото их сургуульд 6, Хитоцүбаши их сургуульд 17 сурагч, Токио технологийн их сургуульд 11, төрийн өмчийн анагаах ухааны их сургуульд 35 сурагч тус бүр Кайжо сургуулиас элссэн байна. 1891 онд тэнгисийн цэргийн бэлтгэл анги болон анх үүсэн байгуулагдаж байсан уламжлалтай сургууль боловч одоогийн захирлын хувьд тэс ондоо мэргэжилтэй нэгэн билээ.

Шибата захирал нь Мицүбүши корпорацид ажиллаж байхдаа Солонгос, Саудын Араб, Тайланд зэрэг гадаад улс оронд ажилласан арвин их туршлагатай. 40 жил бизнесийн талбарт ажилласан хойноо Акита олон улсын их сургуульд доктор, профессор болж, глобаль бизнесийн чиглэлээр хичээл зааж байсан туршлагатай хүн.


Кайжоо сургууль нь зөвхөн хичээлийг голлосон хатуу сургалттай Спарта хэмээх хөтөлбөртэй гэсэн ойлголттой байсан бол үүнийгээ шинэчлэн цоо шинэ бодлoго нэвтрүүлжээ. Зөвхөн “жюүкэн” буюу элсэлтийн шалгалтад бэлдэх бус нийгэмд манлайлах боловсон хүчин гаргах хэтийн зорилго тавин хөтөлбөрөө шинэчилсэн байна.
Кайжоо нь сүүлийн 25 жилийн хугацаанд 3 удаа шинэчлэл явуулснаас, энэ удаагийнх нь дэлхийн хэмжээний боловсон хүчин бэлдэн гаргахад голлон анхаарч буйгаараа онцлог юм. Эхний шинэчлэл нь үүсэн байгуулагдсанаасаа хойш 101 дэх жилээсээ буюу 1992 оноос юм.
Элсэлтэд бэлдэж буй сурагчид хамаг хүчээ шавхан Токиогийн их сургуульд тэнцдэг хэдий ч зөвхөн мэдлэг давамгайлсан явцуу боловсрол эзэмшдэг сул талтай байсанд эхний шинэчлэлийг хийх болсон байна. Тус шинэчлэлээр сэтгэл, чадвар, мэдлэг хослуулсан төгсөгчийг бэлдэхэд анхаарч эхэлжээ.

Кайжоо дунд сургуулийн элсэлтийн шалгалтыг мэдлэг шалгасан тестээр бус, эссегээр шалгаж 6 жил олгох боловсролд бодох, ярих, бичихийг голлох болжээ. Мөн сурагчдын зөвлөл болон секц дугуйлангийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ахлах сургуульдаа элсэлт авахгүй дундаас ахлах ангируу шууд ордог сургалттай болгосон байна. Гадаад улс оронд суралцаж байгаад эх орондоо ирсэн 30 сурагчийн орон тоо үүсгэж, олон янзын сурагчдыг бүрдүүлж эхэлжээ.
Шинээр сэтгэлийн боловсрол олгох үүднээс PA “project adventure” болон DE “drama education” гэсэн сургалт явуулдаг ажээ. Дунд сургуулийн 1-р ангийн сурагч нь нэг сар сурсны дараа Токиогийн Такао уулан дахь РА-гийн төврүү очоод, багаараа олон асуудлыг бие даан шийдвэрлэх зорилготой. Харин DE нь 7, 8-р ангийн нийт сурагч хамтран кино жүжиг зохион найруулдаг нь сонирхол татна.
DE төслийн хүрээнд 7-р ангийн хүүхдүүд 6, 6-аараа баг болж, Оокүбо орчмын настайчууд болон багш нарынхаа найз нөхөдтэй танилцан тухайн хүний амьдралын замналыг харуулсан кино бүтээдэг юм. Энэ явцад сурагчид харилцааны болон, хамтран ажиллах чадварыг эзэмшдэг. Мөн 8-р ангийнхан төгсөлтийн аяллын үеэр баг тус бүр нэг фото зураг сонгон авч, түүнийгээ сэдэв болгон жүжиг найруулан тавьдаг. Чингэх нь мэргэжлийн найруулагч ирж, хүүхдүүдийг мэргэжлийн үүднээс чанга хатуу бэлдүүлдэг байна.
Хүүхдүүд хэдэн долоо хоногийн турш жүжиглэлтээ анхааран бэлтгэл хийж, эцэг эхээ урин нээлттэй тоглолт зохион байгуулдаг. 8-р ангийнхны хувьд хүнтэй зөв боловсон харьцах чадвар, бүтээлч чадвар төлөвшүүлэн хөгжүүлэх тал дээр илүү анхааран ажилладаг. Сурагчдыг Хакодатэд аяллаар аваачихад нутгийн хүмүүстэй илэн далангүй ярилцаж чаддаггүй байсан бол DE-д хамрагдсанаар хүүхдүүдийн ярилцах чадвар эрс сайжирсан гэж Наката багш өгүүлэв.

Суралцах чадварыг улам сайжруулахын тулд дунд сургуулийн 3 жилийн хугацаанд долоо хоногт 2 өдөр нийгмийн ухааны нэгдсэн чадвар гэсэн хичээлийг нэвтрүүлжээ. Энэхүү хичээлд улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан зэрэг сэдвээр хүүхэд 6-р ангиасаа бие даан судалж, улирал бүр бие даалт хийдэг.

9-р ангидаа хүүхдүүд 30-аас 50 хуудас бие даалт хийх хэмжээнд хүрдэг ажээ. Хүүхдүүд ярилцлага судалгаанд зориулж “Утсаар ярьж цаг авахаас авахуулаад бүгдийг бие дааж хийдэг” хэмээн Шибата захирал бидэнд ярилаа. Мэйл, мессеж ашиглан харилцдаг болсон өнөө үед хүүхэд утсаар харилцан сурах нь чухал болоод байгаа юм.
Шинэчлэл хийж эхэлсэн 1992 оноос хойш, Кайжоо сургуулиас амжилттай яваа судлаач, бизнесийн хүмүүс олноороо төрсөөр байна. Мөн Дорикомийн захирал Найтоо Хироки, Жигэний захирал Хирао Жоо зэрэг амжилттай яваа захирлууд олон бий. Мөн Кайжоо төгсөгчдийн хоорондын холбоо төгссөний дараа ч тасрахгүй сайн байсаар байна.
Монголын элит сургуультай хамтран ажиллах болов
Шибата захирлын удирдлагаар энэ жилээс“KS төсөл” гэгдэх шинэ ажил эхэлжээ. “KS” гэдэг нь “Kaijo School” гэсэн товчлол юм. Үүний хүрээнд энэ жилийн 9-р сараас эхлэн Монгол улсын Шинэ Монгол ахлах сургуультай хамтран “Шинжомон”төсөл хэрэгжүүлж эхлэхээр хамтран ажиллахаар болжээ. Шинэ Монгол сургууль гадаадын нэр хүндтэй их дээд сургуульд олон төгсөгчөө сургасан. Японы анагаах ухааны их сургуульд элсэх хүсэлтэй сурагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ.
Гэвч, Японы төрийн өмчийн их сургуулийн математикийн шалгалт их хүнд байдаг. Тийм ч учраас 3 жилийн хугацаанд Кайжо болон Шинэ Монгол сургуулийн анагаахыг зорьж буй сурагчид хамтдаа, амжилт гаргах зорилготой “анагаах ухааны их сургуулийн бэлтгэл курс” гэсэн хичээлийг зохион байгуулах боллоо. Кайжоогийн математикийн багш онлайнаар хичээл заана. Хоёр сургуулийн сурагчид зөвхөн математикийн хичээл бус анагаах ухааны салбартай холбоотой олон талын хэлэлцүүлгийг хичээлийн явцад явуулна. Өөр орчинд өссөн хоёр улсын сурагчид бие биенээ хурцлан, хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлснээр, шинэ шинэлэг санаа төрүүлж амжилтад хүрэх магадлалтай болно.

Никкэй сонин 2017/9/24 сэтгүүлч Дайкэй Тэцүя