新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

Японд сурч буй төгсөгчдийн холбоо

 Одоогийн байдлаар манай төгсөгчдөөс Япон улсад нийт 243 оюутан суралцаж байна.

Анхны төгсөгчид маань 2004 онд  элсэлтийн шалгалт өгөхөөр зургуулаа япон улсыг зорьж байснаас эдүгээ энэ хавар 11 дахь төгсөгчид маань шалгалтаа амжилттай өгч, сургуульдаа тус тус элсэн ороод байна.

Дээрх 243 оюутан нь 2 төрлийн тэтгэлгээр шалгаран суралцаж байгаа бөгөөд, үүний 113 нь Японы засгийн газрын, 130 нь манай ивээн тэтгэгчдийн тэтгэлгийг тус тус хүлээн авч суралцдаг.

          Ийнхүү 9 жилийн дотор японд суралцагчдын тоо үржин өссөөр байгаа бөгөөд багш, эцэг эх цаашлаад эх орныхоо итгэл найдварыг дээд зэрэгт ухамсарлан суралцаж чаддагаараа онцлог юм. Бид төгсөгчидтэйгөө төгссөн даруйд нь холбоо тасрах бус харин улам нягт холбоотой байж, араас нь дэмжиж байдаг. Ялангуяа Японд суралцагч оюутнууд маань ч үүнийг  суралцах, шалгалт өгөх хугацаандаа сайн ухамсарлаж чаддаг бөгөөд үүний нэг  илрэл нь Төгсөгчдийн холбоо юм.  Тэд энэхүү холбооныхоо үйл ажиллагааг тогтмол явуулдаг ба гол нь хоорондоо эв нэгдэлтэй харилцан дэмжилцэж чаддагаараа тэд өөрсдийгөө ижил тогоонд чанагдсан "Шинэ Монгол овгийнхон" хэмээн нэрлэдэг юм.  

    Тэдний гол зорилго бол хоорондоо  эв нэгдэлтэй байж, монголдоо эргэн буцаад ирэх цагт итгэлцэн гар нийлэх анд нөхөд болоход оршдог. Тийм ч учраас японы өнцөг булан бүрд буй төгсөгчид маань цахим мэйлинг листээр дамжуулан хоорондоо үзэл бодлоо хуваалцдагаас гадна жилд 2 удаа нийт чуулган уулзалт  хийж мэдлэг мэдээллээ солилцдог юм. 

            Япон дахь “Шинэ Mонгол Oюутны Xолбоо"

Япон дахь “Шинэ Mонгол Oюутны Xолбоо” (цаашид “ШМОХ” гэх) нь анх 2004 байгуулагдан өдгөө 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Холбооны маань эрхэм зорилго бол “ХӨГЖИЛ ДЭВШИЛ” бөгөөд Монгол эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд түлхэх хүч болох мэргэжилтнүүд, лидерүүдийг нэгтгэж, тэднийг дэмжиж, нийгэмд эергээр нөлөөлөх явдал юм.

“ШМОХ” нь өдгөө 150 гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. “Шинэ Mонгол Бүрэн Дунд Cургууль”-ийг төгсөөд Японд суралцаж, ажиллаж буй төгсөгчид тус холбооны гол гишүүд болж байгаа.
“ШМОХ” нь жил болгон 5-7 тогтмол үйл ажиллагаа явуулж, гишүүд хоорондынхоо харилцаа холбоог зузаатгаж байна. Мөн нийгэмд сайн сайхан үйл хэргийг бүтээхийн төлөө төгсөгчдийн нэрэмжит тэтгэлгийн санг байгуулан ажиллаж байна.

“ШМОХ” -ны гол үйл ажиллагаануудыг дурдвал:

1) “Тэтгэлэгт хөтөлбөрүүд”
“Шинэ Mонгол Бүрэн Дунд Cургууль”-д суралцаж буй дүү нартаа дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “УРАМ” тэтгэлэг, Японы их дээд сургуульд элсэн суралцахад нь дэмжлэг өгөх зорилго бүхий нэг жилийн хэлний бэлтгэлд сургах “ШИНЭ МОНГОЛ ИРЭЭДҮЙ САН” тэтгэлгийн сангуудыг байгуулан ажиллаж байна

2) “Их сургуулийн элсэлтийн шалгалт”
“Шинэ Mонгол Бүрэн Дунд Cургууль”-ийг төгсөн Японы их сургуулиудад шалгалт өгөхөөр ирж буй номын дүү нарынхаа бичиг баримтыг бүрдүүлэх, элсэлтийн шалгалтанд нь бэлдүүлэх, Японы амьдралд хөлөө олоход нь зааж зөвлөх нэг сарын хугацаатай “зуслан” (合宿, Гашшүкү)-г удирдан зохион байгуулдаг.

3) “Бүх гишүүдийн чуулган”
Холбооны бүх гишүүд маань жилдээ 3 удаа цуглан хуралддаг. Үүнд, хавар цуглах “ХАВРЫН ЧУУЛГАН”, зун цуглах “ТӨГСӨГЧДИЙН ЧУУЛГАН”, өвөл цуглах “ӨВЛИЙН УУЛЗАЛТ”зэрэг чуулганууд орно. Энэхүү чуулганууд нь тус тусын өвөрмөц онцлогтой, онцгой арга хэмжээнүүд юм.

4) “Хаврын баяр”
Жил болгоны 5 сард Япон улсын Токио хотноо зохион байгуулагддаг Монголчуудын баяр болох “Хаврын баяр”-аар Монгол хоолоо хийж заран “УРАМ” тэтгэлгийн санг босгодог.

5) “Японы их дээд сургуулиудын танилцуулах өдөрлөг”
Жил болгон 9 сарын эхээр “Японы их дээд сургуулиудын танилцуулах өдөрлөг” яармагийг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгуулдаг.

Энэмэтчилэн нийгэмд чиглэсэн олон талт, өргөн цар хүрээтэй үйл ажиллагаануудыг цаашдаа ч зохион байгуулахаар манай холбоо ажиллах болно.

Мөн ШМОХ-ны үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ Монгол Оюутны Холбоо”-ны албан ёсны цахим хуудас болох www.smasjp.com сайтаас үзнэ үү