新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

1-р нүүр

~Оюуны хоймор~

Номоос би тайвшралыг мэдэрдэг

Сонины маань хоймор болсон энэ эрхэм буландаа урлагт хайртай, уран зохиолд сонирхолтой, шударга зарчимч хэмээн хамт олондоо үнэлэгдсэн, сургуулийн яруу найргийн "Болор цом" тэмцээнд 4-р байр эзэлсэн уран яруу, уянга найраг, задгай сэтгэлгээ, ер бусын өнгө аясаараа бидний танил болсон 11-4 ангийн сурагч Б.Тэнгисболдтой сэтгүүлч болохыг мөрөөдсөн О.Номин миний бие зориг шулуудан хөөрөлдсөн билээ.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе.

-Баярлалаа. Сонины уншигч та үхэнд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Номын тухай сэдвээр хөөрөлдье хэмээн бодлоо. Та ер нь ном хэр их уншдаг вэ?

-Би бусад хүмүүсээс илүү уншдаг гэж хэлэхгүй ч сонирхлыхоо дагуу аль болох их уншихыг хичээдэг. Тэгэхдээ би байгалийн ангид сурдаг, хичээл ихтэй байдаг болохоор орой унтахаасаа өмнө ганц хоёр хуудас уншдаг.

-Уншсан номноосоо та өөртөө юу олж авдаг вэ?

- Ерөнхийдөө номноос би тайвшралыг олж авдаг. Тэр өдөр болсон хар бараан зүйлсийг маань бүгдийг нь ном аваад явдаг ч гэх юм уу? Бүх зүйл сайхан болдог. Тухайн номыг уншихад зохиолчийн сэтгэл хөдлөл тодоос тод мэдрэгддэг. Чин сэтгэлээ зориулан бичсэн ном бидний зүрхэнд зураглал нь шууд буудаг. Бас шинжлэх ухааны номыг уншихад огшин, омогших сэтгэл ихээр төрдөг төдийгүй шинэ мэдлэг олж авч байгаадаа баяртай байдаг.

- Таны ширээний ном... ?

-Миний хувьд ширээний ном гэдэг нь мэргэн үг, хэллэг, ишлэл зүүлт, зүйрлэл адилтгал, шинэ санаа сэдэц олж авч болохоор ном гэж боддог бөгөөд ийм номонд гүн ухаантны үзэл бодол шулуухнаар илэрхийлэгдсэн байдаг. Миний хувьд ийм ном бол Б.Лхагвасүрэнгийн гурван боть зохиол. Түүний бичсэн шүлэг, өгүүллэг, бодрол, жүжиг нь бичсэн он сар өдөр, сэтгэгдлийн хамт байдаг. Шүлэг өгүүллэгийг нь уншихад илүү сонирхолтой учраас миний ширээний ном болсон.

-Монгол болон гадаад зохиолын алийг илүү их уншдаг вэ? Яагаад?

- Монгол зохиолыг түлхүү уншдаг. Сүүлийн үед Г.Аюурзана, Л.Өлзийтөгсийн номыг уншиж дуусгасан. Ер нь орчуулгын болон гадаад зохиолуудыг эх хэл дээр нь сонирхон уншдаг. Ялангуяа Америк, Англи, Япон номнуудыг эх зохиолтой нь харьцуулахад зохиолчийн сэтгэл хөдлөл, бодол санаа нь алга болсон мэт санагддаг.Одоогоор би Ч. Айтматов “Зуун жилийн ганцаардал”, Японы “Хайку” уншиж байна.

-Хамгийн их хүндэлж, үлгэр дуурайл авдаг зохиолч тань хэн бэ?

-Ном уншихдаа зохиолчийг нээх их хараад байдаггүй ч Б.Лхагвасүрэн гуайг үлгэр жишээ авмаар шилдэг зохиолч гэж боддог. Түүнийг танихгүй хүн бараг байхгүй. Шүлэг бичихдээ номноос нь санаа авч бичмээр тийм гоё шүү.

-Уншсан номнуудаас тань хамгийн их таалагдсан нь ямар ном бэ? Тэндээс яг юу мэдэрсэн бэ?

- Г. Аюурзаны орчуулсан Мишель Дэ Монтений “Сонгомол эсээнүүд” гэдэг ном. Энэ номноос амьдралын олон зүйлийг сурч авдаг, хүнийг төлөвшүүлдэг, маш их зүйлийг бодуулдаг тийм ном доо. Жишээлбэл: Хүний амьдрал, үхэл, гуниг гутрал гээд бүхий л зүйлийг бичсэн. Энэ номыг уншаад түүний сэтгэлгээг шууд мэдэрч болдог.

-Уран зохиол сонирхоход тань юу хамгийн их нөлөөлсөн бэ?

-Нөлөөлсөн гурван том хүчин зүйл байдаг. Эхнийх нь бол миний аав. Аав маань дээр үеийн сонгодог зохиолуудыг уншдаг байсан бөгөөд намайг бага байхад хүүхдийн зохиолуудыг маш их уншуулдаг байсан нь надад нөлөөлсөн. Дараа нь “Хишиг” бүрэн дунд сургуулийн монгол хэл, уран зохиолын Замбалгарав багш маань ном их уншихыг зөвлөдөг байсан нь миний сонирхлыг илүү их татсан. Сүүлийнх нь Японы манга, анимэ. Энэ нь зурагласан ном хэдий ч гэсэн тухайн дүрийн бодол санаа, дуу авиаг нэг бүрчлэн тусгаж өгсөн нь төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлдэг.

-Та шүлэг, өгүүллийг хэрхэн бичдэг вэ?

-Би эхлээд дүрүүд зохиогоод тухайн дүрдээ тааруулж уялдаа холбоо үүсгээд, үйл явдал өрнүүлээд тэр өрнөлөөс хүмүүст хэрэгтэй санааг тусгаж өгөх маягаар бичдэг. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн эсээ бичихийг оролддог. Мөн сүүлийн үед гадаад хэлнээс эх хэл рүүгээ орчуулж байгаа. Энэ нь намайг хэл сурахад түлхэц болж өгдөг.

-Таны урын санд хэдэн бүтээл байгаа вэ?

-Гарын таван хуруунд багтахаар тоотой хэдэн час хийсэн бүтээл бий.

-Тантай ярилцлага өрнүүлэхэд их сонирхолтой байлаа. Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны хичээл сурлагад амжилт хүсье.

-Баярлалаа. Би хичээх болно.

Ярилцан суухад тэр сэтгэл, тархи зүрхэндээ нэгийг бус нилээдийг тунгаан боддог юм уу даа гэж бодогдсон. Бидний яриа амттай, наргиантай, болж өнгөрсөн юм. Хүн хүний оюун бодол, санаа өвөрмөц хийгээд содон. Түүний сургуулийн 15 жилийн ойд зориулсан шүлгийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн, өвөрмөц өнгө төрхтэй шүлгийг нь сонирхуулъя.

Сургууль минь

Балчирхан насны минь томоогүй явдлууд
Борхон зүрхээрээ дүүлэн нисэх эрх чөлөө
“Байгалмаа” гэдэгт ордог “б” үсгийг заасан багш минь
Сургууль минь л юм шүү...
Эрээд эрээд олдохгүй эрхэм андууд минь
Эргээд нэг харамсах бяцхан алдаанууд,
Эл ганц чулуу шиг гунигт өдрүүд
Сургууль минь л юм шүү ...
Гэнэхнээс гэнэхэн анхны хайр минь
Гэрэлт од шиг хүсэл мөрөөдөл минь
Сартай цуг хонон байж хүрсэн зорилго минь
Сургууль минь л юм даа ...

Хөөрөлдсөн О.Номин


~Гэгээн хөрөг~

Хайрын элч гэрэл - Алтанцоожын Алтанзаяа

Хүн номыг ялдаг, ном хүнийг “ярьдаг”аж. Номын соёл гээчийн утга үүнд л орших болов уу.Хөдөлмөр зусланд хамт явж, бидэнд амттай сайхан хоол хийж өгдгөөр нь Заяа эгчийг бид андахгүй. Харин сэтгэлийн нарийн зөрчил тэмцэл болон оюунлаг, гэгээлэг ертөнцийнх нь талаар тэр бүр мэдэх бил үү?

Заяа эгчтэй ном, уран зохиол, түүний авьяас билгийн талаар ярилцах аз завшаан надад тохиосон юм. Номын эрдэм болоод яруусахуйн авьяасыг өөртөө шингээснийг нь би мэдэрлээ. Тэрээр хамгийн хамгийн сүүлд С.Сосорын “Хүнчин” гэх романыг уншсан бөгөөд тэр ном нь ихэд таалагдсан бололтой Алдраагийн дүрийг нүдэнд харагдаж, сэтгэлд зураглатал ярьж өгсөн. Бидний амьдарч байх хугацаандаа хийсэн хамгийн том бүтээн байгуулалт бол эд хөрөнгө биш ХАЙР гэдгийг би ярианаас нь ойлгосон.

Уг зохиолын үйл явдал дахь хүний сэтгэлийн нарийн зөрчил, амьдралын төлөөх тэмцэл, жаргал зовлонг амсаж сөрж яваа эрэлхэг дайчин шинжийг Заяа эгчийн хурц гэрэлтэх нүд, ярианых нь өнгө төрхөөс олж харж болохоор байлаа.

Заяа эгч ном их уншихаас гадна, шүлэг яруу найраг бичиж, сэтгэлийн цэнгэл эдэлнэ. Зөвхөн эх орон гээд байлгүй ээж аав, эцэг эхийн тухай шүлгийг яруу бичдэг тэрээр шүлэгнээсээ сонирхуулсан юм. Түүний шүлгийг уншиж байхад нэг л зүйлийг ойлгох шиг болсон юм. Энэ бол ХАЙР. Хайраар, гагцхүү хайраар л амьдралыг аргадаж, амьдарч, ажиллаж яваа мэт ээ.

Ухаангүй тэнэг охиноо уучлаач

Уучлаач гэж энэхүү шүлгийнхээ мөрийг эхэлье
Хэдийгээр би бусдын нүдэнд жаахан ч
Та минь дандаа л “миний том охин” гэж хэлдэгсэн.
Ааваа таны охиноо гэсэн сэтгэлийг тань
Тэнэгхэн би мэдсэнгүй ээ.
Өглөө гараад л орой ирэх бүрдээ
Инээмсэглэсэн таны дүрийг
Зүүдэндээ дандаа хардаг
Зүрх минь дандаа шимширдэг.
Ааваа та надад хайрыг мэдрүүлсэн
Танаас би хагацлын гашууныг мэдэрсэн
Намайг хүмүүс жаргалтай гэлцдэг боловч
Миний сэтгэлд гунигийн нулимс хурсан
Энэ бүхнийг хүнд харуулахгүйн тулд
Баярлан гуних үедээ бага багаар гунигаа гаргадаг
Амьд байхад тань хайрлаж чадаагүйгээ
Охиноо гэсэн сэтгэлийг тань мэдээгүйдээ
Одоо болтол би харамсдаг.
Хэрвээ та минь амьд сэрүүн байсан бол
Амьд ахуйд тань хийж чадаагүйгээ
Одоо таньд харуулах байсан юм, ааваа
Өнгөрсөн борооны араас цув нөмөрдөггүйг
Ухаангүй тэнэгхэн охин чинь мэдэрч амжаагүй байж
Амьдрал хичнээн хатуу болохыг
Ааваа минь та надад мэдрүүлсэн
Уйлах бүрийд минь аргадаж
Унах бүрийд минь босгодог
Өвдөх бүрийд минь сэтгэл тань зовдгийг би мэднэ
Уйлж болохгүй гэж хэлдэг ч
Өөрийн эрхгүй нулимс минь гардаг
Харамлаж болохгүй гэдэг ч
Бурханаас таныг дэндүү ихээр харамласан

Гэгэлхэн, гэнэхэн шүлгийн энэхүү шад мөрөөс түүний гэгээн уянгыг мэдэрч, өнгөт амьдралын бараан дүрийг зураглан, өр зүрх минь дотогшоогоо өмөлзөж, Заяа эгчийнхээ сэтгэлийн хайланг мэдэрлээ.

Заяа эгч өөрийн хийж буй ажил үйлс, мэргэжил оюундаа өөрийн буй бүхнээ чин сэтгэлээсээ зориулсан.

Миний сэтгэл

Миний сэтгэлийн гүнээс гарсан шүлэг
Миний ухааны охиос ундарсан үгс
Миний зүүдний мандлаас ирсэн шүлэг
Миний зүрхний цохилтоос гарсан үгс
Ухаан богино балчир насны минь
Утга дутмаг сэтгэлийн минь үгс
Угтах ирээдүйг зөгнөн мөрөөдсөн
Унаган багын сэтгэлийн минь үгс
Гэрэлт хорвоогийн сайхан бүхнийг таних гэсэн
Гэнэн найрагчийн дэврүүн бодолтой
Уртаас урт үргэлжлэх амьдралд
Учрах бүхнээ чамдаа л шингээсэн
Алсын алсыг тойрох амьдралын минь ухааныг
Алдрай насны ойворгон зангаар шүлгэндээ би багтаасан.
Цөс амтагдах сэтгэлийн гунигаа би
Цээжинд хурах үгсийн сангаа шилэн байж
Эмх замбараатай үгс болон мөрлөсөн
Энэхэн насны минь шүлэг ариухан билээ.

Тэр ийнхүү ширхэг хоолондоо ч сэтгэлээ шингээсэн ариун хайрын агуу элч юм. Одоогоор өөрийн мэргэжлээ гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн бөгөөд мэргэжлийнхээ дагуу олон ном, сонин уншиж буй гэнэ лээ. Ийм л оюунлаг нэгэн хөөрхөн эгч бидний гэдсийг хооллож, гэгээн оюунаар гэрэлтэн гийж явна. Таныг агуу хайрын бурхан ивээлдээ багтааж, асралт хөх тэнгэр мөнхөд тэтгэж явах болтугай. Салхи танд захидал хүргэнэ, уншаарай

Саруул үдэш болзоонд урина, очоорой
Сайхан нүдийг тань сэмхэн ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, итгээрэй Заяа эгчээ.

Хөөрөлдсөн А.Авидмаа


Мэндчилгээ

Айлын алдрай үрсийг өлгийдөн авч, үр хүүхэд шигээ хайрлан, өөрийн бүхнээ зааж мөрийг чиглүүлдэг арвин эрдмээр бороо асгаруулдаг, эрдмийн цацрагаар гэрэлтэх наран, алсын ирээдүйд хөтлөгч, ээж ааваас дутуугүй ачтан болсон багш нартаа,

Сурагч бидний төлөө хөлс хүч, сэтгэл зүрхээ харамгүй зориулж, хоёр дахь гэр болсон эрдмийн өргөөг маань ая тухтай, цэвэр цэмцгэр байлгадаг, амтат сайхан хоолоороо эрч хүч түгээж байдаг, эгнэшгүй их мэдлэгээ эрүүл мэндэд маань л зориулдаг нийт ажилчдадаа,

Эх орондоо төдийгүй хилийн чанадад улс орныхоо нэрийг алдаршуулж яваа номын дүү биднийхээ сэтгэлийг борооны шүхэр адил халхлан амгалан байлгадаг, амьдралын их далайд мөрөөдлөөрөө жигүүрлэн яваа Шинэ Монголын үе үеийн төгсөгч ах эгч нартаа,

Улс орны ирээдүй, урагшлах замын гэрэл гэгээ болсон эх орноо хамтдаа хөгжүүлэх энхрий хөөрхөн коохай дүү нартаа,

Алаг бяцхан үрсийнхээ хүсэл мөрөөдлийнх нь хаалгыг нээж өгч хөтөлж яваа, энгүй их итгэл найдвар хүлээлгэж, хийж бүтээх үйлсэд нь урам зориг харамгүй хайрладаг хүндэт эцэг эхчүүд та бүгддээ төрөлх сургуулийнхаа төрсөн өдрийн гал халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Сонины зөвлөл