新モンゴル高等学校へようこそ
ШИНЭ МОНГОЛ БҮРЭН ДУНД СУРГУУЛЬ
SHINE MONGOL HIGH SCHOOL

11-р ангийн сурагчид эх орныхоо торгон хилээр аяллаа

25.10.2017

Жил бүрийн 11-р ангийн сурагчид эх орныхоо торгон хилээр аялана.

Шинэ Монгол сургуулийн 11-р ангийн 111 сурагч 7 багшийн хамт 2017 оны 9-р сарын 11-15-ны хооронд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Сулинхээрийн заставт зочилж, эх орныхоо торгон хилийн баганыг үзээд ирсэн юм. Энэхүү “Торгон хил” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд нийт 1700 орчим км газар дараах маршрутаар аялсан болно. Үүнд:

1 дэх өдөр. Сайншанд хотноо догшин ноён хутагт Данзанравжаагийн музейг үзэн тахилч Алтангэрэл гуайн яриаг сонсов. Зүүнбаянгийн цэргийн ангид хонов.

2 дахь өдөр. Хутагтын төрсөн нутаг Шувуун шанд дахь төрсөн гэрийнх нь бууцад очив. Тэндээс холгүй орших Цувираагийн хийдийн туурийг үзэв. Хөвсгөл сум руу явах замдаа заган ойг үзэж, говийн их элсэн манханд амрав. Говийн эмт ургамлын зурагт лавлахыг ашиглан эмийн ургамлыг судлав. Хөвсгөл сумын сургуулийн дотуур байранд хонов. Хөвсгөл сумын хүүхдүүд өөрсдийн бэлдсэн хүүхэлдэйн жүжгийг үзүүлэв.

3 дахь өдөр. Хөвсгөл сумын сургуулийн хүүхдүүдэд манай хүүхдүүд хичээл заав. Үдийн хоолны дараа Сулинхээрийн застав руу хөдлөв. Замдаа Чингисээс хойш үе уламжлан тахиж ирсэн Сүлдэнэ хөх овоонд очиж, Сулинхээрийн заставт хүрэв. Заставын цэргүүдийн бэлдсэн хилийн морьт цэргийн тоглолтыг үзэж сонирхов. Энэ заставаас урагш явж, хилийн ...тоот баганыг үзэж, хилийн манаанд гарах цэрэг эрсийн өдөр тутмын амьдралтай танилцав. 11-р ангийн хөвгүүд ээлжлэн шөнийн манаанд гарав.

4 дэх өдөр. Сулинхээрийн заставаас гарч, Тэмээчний соёл хөтөлбөрийн хүрээнд 9-р Хутагтын төрсөн гэрт зочлон тэмээ ачаалах, хөөслөх, ингэ саах зэргийг үзээд хот руу хөдөлж, шөнөдөө Улаанбаатарт орж ирэв.

Энэхүү аялалд оролцсон хүүхдүүдийн сэтгэгдлээс хуваалцъя.

11-4 ангийн сурагч А.Нинжин:
9-р Ноён хутагтын ээж танаа...Бид замдаа найрсаг, эгэл даруу говийн айлд зочилсон нь Ноён хутагтын ижий аав та хоёр минь байсан юм. Таны биднийг өөрдсийн үр шигээ хайрласан сэтгэл, гэрэл цацруулсан инээмсэглэл, шөнөжин буцалгаж дайлсан ингэний буцалгааны амт одоо хүртэл сэтгэлд дотно байна. Буцах болоход их говьдоо хоргодсон сэтгэлийг минь та тайлж халуун энгэртээ тэвэрсээр “Дараа дахин ирээрэй миний охин, эгч нь чамайг тосоод л авна шүү дээ. Сайн яваарай” гээд сүүн цацлаа өргөсөн нь сэтгэлд сийлэгджээ...

11-4 Б. Энхжин:
...Говийн догшин ноён хутагтын бага балчир насандаа шороог нь үмхлэн нааддаг байсан гэрийнх нь буурин дээр ирлээ. Буурин дээрх хөшөөнд “Авах хүнд нэг ч үг эрдэм, хаях хүнд мянган үг ч улиг “ гэж бичжээ...13-р зуун эзэн Чингисийн үеэс тахиж ирсэн Сүлдэн хөхийн овоонд очиж хөвгүүд минь ирээдүйд эх орныхоо эрэлхэг баатар болно хэмээн уухайлж, охид нь хатан ухаанаар тэднийгээ түшин дэмнэн хэмээн хурайлах агшинд хурмаст тэнгэрээс бороо дусалсан нь биднийг ивээлдээ авчээ гэж бодогдлоо...

11-1 ангийн сурагч С.Насанжаргал:
...Хэдий цаг орой болсон ч биднийг элэгсэг дотноор угтан авсан цэрэг эрс, амттай хоолоор дайлсан тогооч эгч нар, зөвхөн бидэнд л гэж зориулан бэлдсэн тохилог өрөө, бяцхан үрсийн авьяаслаг тоглолт зэргийг хараад говь нутгийнхан гэж тал нутаг шигээ уужим сэтгэлтэй, шингэж буй нар шигээ дулаахан дотроосоо гэрэлтсэн хүмүүс байдгийг мэдэрсэн юм...Бидний л төлөө гэж нойр хоолоо хасан байж хамгаалан явсан аав шиг минь түшигтэй, ээж шиг минь энэрэнгүй багш нар болон олон километрийн турш эцэж ядархаа ч умартан биднийг зөөсөн автобусны жолооч ах нар, “Торгон хил” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан бүхий л хүмүүс мөн Шинэ Монгол сургуулийнхаа захиргаанд гүнээ талархал дэвшүүлье. Багахан хугацаанд бүтээсэн дурсамж, мэдэрсэн мэдрэмж бүрээ би сэтгэлийнхээ гүнд нандигнаж явах болно оо.

11-4 ангийн сурагч О. Нандинцэцэг:
...Дорнын их говьд тавхан хоног байсан ч ингэж их дасна гэж бодсонгүй ээ. Халуу шатах нарыг нь, илбэх салхийг нь, хөл шигдэх элсийг нь, уужим сайхан талыг нь, очир эрдэнэ мэт гялалзах чулуунуудыг нь сэтгэл зүрхэндээ багтаагаад өөрийнх болгож өмчилмөөр...

11-1 Г.Уранбилэг:
...Гуравдахь өдрөө нэгдүгээр Хутагтыг зандаршуулсан гэх Хайрхан дээр очтол тэнд урт амьтан, хулангийн сүрэгтэй тааралдаж ихэд билэгшээн цааш хөдлөв...

11-3 Б. Энэрэл:
...Барын арьс шиг эрээн тал, дунд нь торойх мод, ганган улаан тэмээ, сэтгэлийг уяруулагч уртын дуу тэр чигтээ уран зураг, яруу найргийн цогц мэт санагдан “Байгаль нь хүнээ сургадаг говь” гэх бодол төрөв...

11-2 ангийн сурагч А. Энхдэлгэр
Сайн байна уу? Хөвсгөл аймгийн Нэгдүгээр сургуулийн хамт олон минь...2016 оноос хойш тэмээний угаасан ноос нэг кг нь 50 мянга, тэмээний их биеийн бараан, угаасан ноос 45 мянга, ямааны ангилаагүй ноолуур 68 мянган төгрөгийн үнэтэй байна. .. Бид бүхний ая тавыг хангах гэж өөрсдийн алтан цагаа зарцуулсан сургуулийн захиргаа дотуур байрныхан, жолооч та бүхэндээ баярлалаа. Дараа жилийн коохай ( бидний доод үе ) нарыг маань ч элэгсэг дотно хүлээн авахыг өөрийн зүгээс гуйж байна.

11-2 ангийн сурагч Э. Энхтуул:
...Зам ахих тусам өвс мод,айл хунар багасан зорьсон нутагтаа дөхөж буйг илтгэхийн зэрэгцээ газрын өнгийг ажих нээ ээрэм талыг намар ижий аль хэдийн өлгийдсөн мэт....Хүн зон нь онгон байгалийг захирч бус зохицон амьдарч, хийж буй үйлдэл бүрт нь жинхэнэ монгол ухаан шингэж, өв соёлоо эрхэмлэдэг нь илт мэдрэгдэнэ. Намбалаг шаргал элсийг хээ мэт чимэглэх заган шугуй, сухайн төгөл, сулхир зэрэг нүд хужирлана. Энгүй уудам энэ талд эрдэнийн чулуу, үнэт олдвор нь бөөр бөөрөө даран унаж, жижиг атлаа чамин цэцэг нь газрын гагнаас болон өндийжээ. Хэдийд ч очсон дайлж цайлах ард түмэнтэй, бүдрээд унахад бүлээцүүлэх элс шороотой гэж бодоход л сэтгэлд өег. Тийм ээ, говийн байгаль, хүний сэтгэл хоёр дэндүү баян ажээ...Догдлох, баярлах, гуних зэрэг мэдрэмжүүд нэгэн агшинд тохиох нь хачирхалтай. Магад эхлэл төгсгөлийн огтлолцолд ирэхэд ийм байдаг биз ээ...

11-3 ангийн сурагч У.Ялгуун
... Музейгээр орж багагүй их зүйлийг баталгаатай нүдэндээ буулган хаана ч сониуч зангаа гээхгүй байхыг хичээж “Үгүй ээ яасан сайхан монгол бичгээр бичсэн хуучин судар вэ? гэж хачирхав...Энэхүү нутаг биднийг хэрхэн хүлээж авсан бэ гэвэл БОРОО орсон явдал юм, гайхалтай яа.

11-4 Ж.Шүрэнхишиг:
...Хүний гараар зүрагдашгүй байгалийн өмнө, хилийн баганын өмнө би өвдөг сөгдөн зулайгаа үнэртүүллээ ...

11-4 Б Содболд:
...Амьдралын нэгэн аялал үүгээр өндөрлөсөн ч сэтгэлийн аялал миний хувьд үргэлжилсээр байх болно...

11-1 ангийн сурагч М. Номин
....Хилийн дээс сэмрэх эсвэл сэтрэхэд л улс гүрэн ганхдаг...Ирээдүйн Монгол төрийн залгамж халаа болсон бид эх орноо сэтгэлдээ тээн эрдэм боловсролыг дээдлэн суралцах болно...

Б.Цацрал 11-2 анги

Цэнхэр алтаа хормой дороо нуусан говь
Үнэт эрдэнээ энгэр дотроо өвөртөлсөн говь
Цэлмэг тэнгэрээ дээвэртээ гадасласан говь
Үлэмж гоогоороо дэлхийд гайхуулсан говь...

11-2 О.БУЯНДЭЛГЭРЭХ
.....Тахилч Алтангэрэл гуайн хэлсэн “Монгол хүн судар баривал ертөнцийг эрхшээчихдэг, сэлэм баривал ертөнцийг эзэлчихдэг” гэдэг үг нь одоог хэр нь сэтгэлээс минь гарахгүй нь...
Элсэн бүрээстэй, болор ханатай нутгийг алсаас ажих монгол цэрэг
Элэг нэгтэн, халуун сэтгэлт түмнээ харьтнаас хаацайлах говийн хүү
Эрдэнэсийн чулуутай, ээгэм их тал дээр цог золбоот тэмээчин түмэн
Хоёр зууныг дамжин, энэ орчлонг бахдуулсан догшин ноён хутагт
Үлэмжийн чанар дуугаараа, өнө мөнхийн нугийг чимэх говийн бүсгүй
Хөвчит хангайг хэвлийдээ тээсэн, элсэн говийн ганц хайлаас

11-2 ангийн сурагч Б.Намуун:
...Говийн алтан нар шимт хөрснөөсөө мандахад газрын тана эрдэнэ үүрийн цолмон аятай гялалзаж, өлзий хээ татаж харгана зүүд нойрноосоо салан өндийнө. Хувь тавилангийн хөх тэнгэр газрын үзүүртэй золгон нийлэх тал нутгийн энгэрт зүүний үзүүр шиг жижигхэн юмаа би. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн төрсөн буурин дээр холын бараа ширтэн суухад сул хөрсөн ургасан таанын цагаан толгой сэтгэл зүрхийг минь бүүвээлнэ.
Хил манаж зогссгн нэгэн цэрэг эр “ Би хятад юм уу оросыг манаагүй ээ. Монголынхоо алтан зурвасыг хамгаалдаг юм” гэх үг гүн сэтгэгдэл төрүүллээ. Монголын газар нутгийн төвд байна уу, хязгаарт байна уу, бүр энэ хөрс шороон дээр байхгүй байна уу хамаагүй эх орныхоо ширхэг чулууг ч сэтгэлдээ багтаан хайрлаж, сүлдэт хөх тэнгэртээ мөргөн дээдлэх ёстой гэдгийг энэ тав хоногийн аяллаас ойлголоо...

.... Говь гэдэг монголын хязгаар биш ээ
Ганган цэцэгс алагласан нутгийн минь эхлэл
Гантиг чулуугаар эмжсэн торгон хилийн сүнс
Гавяа байгуулаад ирсэн баатруудын нэр алдрыг
Газрын гүнд шингээн цээжиндээ зоосон тал....

11-3 С.Энхжин:
....Бидний говьд аялсан энэхүү таван хоног юмыг зөвхөн гаднаас нь харж бишрэхээс илүүтэй мөн чанар, учир утгыг таньж мэдсэн, их юм бодогдуулсан гайхалтай өдрүүд байлаа...Торгон хилийн баганад очиход надад яагаад ч юм бусад шиг омогшил төрөөгүй, харин сэтгэл санаа минь нэг л сонин болж алсыг харан бодлогширчихсон. Ингээд уудам их талын зүг харж бодлоо бясалган байснаа санан санан бичсэн шүлгээ доор буулгав.
Зүрхэнд уяатай говь
Догшин ноёны буйр, гурван хутагтын нутаг
Торгон хилээс нааш дорнын их говь
Шаргал нарны халуун, шанд булгийн ховорт
Шантарч цуцаагүй хатуужил ихт говийн хүмүүс
Тэнгэр шигээ агуу сэтгэлтэй тэмээчдийн орон Уртын дууны эгшигтэй уудам их тал Ширхэг чулуу нь ч эрдэнэ, ширхэг өвс нь ч эм
Сэтгэл зүрхэнд минь уяатай Монголын минь нэг хэсэг

11-1 анги Б.Өлзийхутаг:
... Заг шугуй шаргалтан халиурсан,уулс толгод нь сүүмэлзэн бүртэлзсэн захгүй говийн намраар бууж мордсон тэмдэглэл.
Эцгийн минь харц шиг нөмөртэй хөх уулс,ээжийн минь царай шиг сэтгэлд дулаахаан хөндий тал,хүн ардынх нь сэтгэл морин хуурын эгшиг мэт уяхан,хөрсөнд нь нарны туяа шиг оч цацарсан дорнын говийн үзэсгэлэн юутай сайхан.
Ааруулнаас нь нар амтагдсан, сүүнд нь сар шингэсэн, саруул талд нь дэлхий багтам, арслан зааны гишгэж үлдээсэн эрдэст чулуулгууд, Эргэлийн зоо шиг тэгшхэн хайрхнууд,эргээд ирэхэд инээгээд угтдаг дуучин говийнхон юутай дулаахан.
Эгэл хэрнээ өөр хаана ч байхгүй эмт ургамлууд,шаргал нар нь гал мэт дүрэлздэг,ассан түүдэг шиг халуун төөнөдөг элсэн хонгор манхан,ингэн тэмээний нүд шиг дулаахан булаг шанд...

11.3 Энэрбэл:
....Говийн ургамал тачирхан хэрнээ үнэтэй гэдэг юутай үнэн. Яг л байгалийн эмийн санд ороод ирсэн мэт...

11-2 ангийн сурагч Б.Анунгоо
....Тахилч З.Алтангэрэл гуайтай уулзсан нь хамгийн олон зүйлийг ойлгуулсан юм. Түүний хэлсэн “Хүн нь хүнийхээ төлөө амьдардаг орчлонд бардамнал, шунал хоёр огт хэрэггүй “ гэсэн үг одоо ч сэтгэлд минь уяатай...

11-4 ангийн сурагч Г.Сайнбилэгт:
..Шувууншандад хүрч залбиран байхдаа Говийн догшин хутагтыгаа туйлын ихээр хүндлэн биширч, Далай багшийн хэлснээр үнэхээр “Газар даахгүй эрдэмтэй хүн” мөн юмдаа гэж бодов...“Юу байна , түүгээрээ” гэдэг шиг биднийг гайхалтай сайхан угтаж авсан Хөвсгөл сумынхан маань цэц мэргэнтэй, дуу хууртай, бүжиг наадаантай, хэзээ ч мартагдахааргүй нэгэн оройг бидэнд бэлэглэв... Дэргэд нь ургасан хайлаас хүртэл сөгдөж бөхийсөн хилийн баганадаа мөргөх тэр л агшинд, яг энэ цэгээс эх орон минь эхэлж байна гэж бодох тэр л мөчийг үгээр илэрхийлж, үзгээр бичимгүй ажээ. Хойшоо хараад гараа алдлаад зогслоо. Эх орныхоо зүрхэн тушаа газраас таныхаа амьсгалыг мэдэрлээ...

11-1 ангийн сурагч А.Хулан:
... Говийн нар зулай дээрээс халуу дүүгэн ээх тэр л мөчид говийн амьдрал гольдролдоо орох мэт. Хаашаа л харна эзгүй хээр, юм бүхэн соньхон агаад ид шидийн мэт үзэгдэнэ. Таанын хурц үнэр хамар цоргим ханхлахад сүлдэт туг, төрийн дууллаа эгшиглүүлэх тэр л үе хамгийн их сүр жавхлантай. Төрийн дууллаа сэтгэл зүрхээрээ сонсож, уярч дуулсан анхны мөч энэ байсан байх. Монголын тал нутаг ямар уужим юм бэ...Хилийн зүг гараа алдлан зогсох тэр л агшин. Хэн бүхэнд олдохгүй хувь. Би Монгол хүн. Би МОНГОЛ хүн гэдгээ илүү ихээр мэдэрсэн мөч. Хаана ч байхгүй омогшил, бардамнал. Гэхдээ ганц омогшлоор дуусаагүй ээ..Хоосрол бас бодлогошрол. Монгол эндээс л эхэлнэ, энд л дуусна. Би хязгаарт нь ирчихлээ шүү дээ...

11-4 ангийн сурагч С.Төмөр-Очир:
... Үүрийн хаяарч эхэлсэн ч хилийн манаанд гарна гэдэг үнэхээр их зориг тэвчээр шаардав. Басхүү тэр хэрээр бахархал омогшилийг мэдэрлээ. Хурдхан цэрэгт явмаар санагдсан шүү...

11-2 Э.Цогт:
...Хөвгүүд нь тахилт овоогоо тойрч зогсоод уухайн түрлэг өргөтөл Отгон-туяа багш маань "Хөвгүүд дундаас минь эх орноо хөгжүүлэх, төрийн жолоо барилцах аавын хүү төрөх болтугай"гэсэн ерөөл өргөсөн нь миний сэтгэл зүрхний гүн дэх хүсэл тэмүүллийг минь улам ихээр бадраажээ...
... Бид Хөвсгөл сумын сургуульд хичээл заасан бөгөөд би гэдэг хүн анх удаа л хүүхдүүд урдаа суулгаад математикийн хичээл заасан минь байлаа...

11-3 Х.Төртогтох:
...Хувьтай хүн хур борооноор. Хилийн багана дээр очих мөчид эх орон минь биднийг дусалхан бороогоор угтлаа. ...Амьсгалах агаараас эхлээд ширхэг чулуу нь хүртэл миний эх орных шүү гэхээр энэ аугаа орноо элэг зүрхэндээ чангаас чанга тэвэрмээр тийм сайхан мэдрэмж намайг хөглөв..